Филиппиний Vogue сэтгүүлийн энэ сарын дугаар шивээс урлаач Апо Ванг Одын зургаар нүүр хуудсаа чимжээ. Тэрээр энэ жил 106 насыг зооглож буй бөгөөд Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн хамгийн ахмад уран бүтээлч гэдгээрээ онцлог болсон байна.
Ванг Од буюу Филиппиний энтертайнмент салбарт Мариа Огги нэрээрээ танигдсан тэрбээр өсвөр настайгаасаа хойш аавыгаа дагаж гараараа шивээс хийж эхэлжээ. Нийслэл Манила хотоос хойш 15 цаг яваад хүрэх Калинга мужийн Бускалан тосгонд амьдардаг Огги Филлипиний уламжлалт мамбабаток буюу калинга уламжлалт шивээс урлаач ажээ.
Тэрээр шивээс хийж эхэлж байхдаа хулсан савханцар, модны өргөс зэргийг ашиглаж ус, модны нүүрсээр эртний баатруудын дүрийг хүний бие дээр сийлж байжээ. Өдгөө олон улсад түүний геометрийн хэлбэр дүрс ашигласан шивээснүүдийг ихэд сонирхдог болжээ.
Калингачууд олон мянган хүний бие дээр дахин давтагдашгүй хэлбэр дүрс зурах уламжлалт аргыг зөвхөн цусан төрлийн хүндээ өвлүүлэн үлдээдэг байна. Эцгээсээ өвлөж авсан аргаа Огги өөрийн ач зээ нартаа заан сургаж байгаа ажээ. Мөн түүний хамт шивээс сурч байсан найзууд нь хэдийн таалал төгссөн тул тэрээр уламжлалаа хадгалж үлдсэн цорын ганц хүн болжээ.
Апо Ванг Одоос өмнө Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн ахмад уран бүтээлч Британийн жүжигчин Жуди Денч юм. Тэрээр 2020 онд 85 настайдаа Британийн Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Эх сурвалж: CNN