Сирийн талаас шөнө Голаны өндөрлөг рүү зургаан пуужин харвасны дараа Израилын их буу, нисгэгчгүй онгоцнууд Сирийн цэргийн болон пуужин харвах байгууламжууд руу онилжээ. Албан ёсны мэдээллээр Израилын нутаг дэвсгэрт гурван пуужин хүрч, хоёр нь задгай газар унасан бол гурав дахь нь устгагдсан тухай мэдээлсэн.
Сирийн Батлан хамгаалах яам өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан Израилын зүгээс довтолсныг баталжээ. Сирийн батлан хамгаалахын албаныхан тус улсын Агаарын довтолгооноос хамгаалах хүчин цохилтод хариу өгч, хэд хэдэн пуужинг амжилттай сөнөөсөн, хүний амь эрсдээгүй ч эд материалын хохирол учирсан гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Сирийн төрийн хэвлэлүүд Дамаскийн ойролцоо дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн байна.
Өмнө нь Сирийн нутаг дэвсгэрээс Голаны өндөрлөгүүд рүү пуужингийн цохилт өгсний дараа халдлагын хариуцлагыг Ираны дэмжлэгтэй Палестины Исламын Жихад хөдөлгөөний зэвсэгт жигүүр Аль-Кудс бригад хүлээсэн гэж Ливаны хэвлэлүүд мэдээлжээ.
Израилын батлан хамгаалах хүчин ням гарагийн өглөө хийсэн мэдэгдэлдээ Сирийн нутаг дэвсгэрт болж буй бүх үйлдлийн хариуцлагыг Сирийн төр хүлээх ёстой, Израилын бүрэн эрхт байдлыг зөрчих оролдлогыг зөвшөөрөхгүй гэжээ.
Израил улс нь 1967 оны Зургаан өдрийн дайны үеэр Сирийн мэдэлд байсан Голаны өндөрлөгүүдийг (1200 хавтгай дөрвөлжин км талбай) эзлэн авч, 1981 онд өөртөө нэгтгэсэн. Дэлхийн ихэнх улсууд энэ нэгтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт байдал мэдэгдэхүйц хурцадсан.
Баасан гарагт Израил Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн мэдлийн Ливаны өмнөд хэсэгт байрлах хэд хэдэн объект руу довтолсон бөгөөд Израилчууд пүрэв гарагт Израилын хойд хэсэгт пуужингийн цохилт өгсөн гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: BBC