Түвдийн буддын шашны тэргүүн 14-р Далай ламын бяцхан хүүгийн өөдөөс хэлээ гаргаж, хөхөхийг хүссэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, олны дунд маргаан дэгдээгээд байгаа юм. Тэгвэл Далай лам хийсэн үйлдэлдээ хүлцэл өчиж, энгийн нэг хөгжилтэй зан гаргахыг хүссэн гэдгийг хэвлэлийн албанаас нь мэдэгджээ.
Уг бичлэг дээр гарч буй үйл явдал одоогоос хоёр сарын өмнө буюу хоёрдугаар сард Дарамсала дахь хийдэд нь болсон байна. Тэнд Энэтхэгийн М3М сангийн хөтөлбөрт хамрагдсан 100 орчим сурагч байжээ.
Далай ламын хэвлэл “хөвгүүн болон түүний гэр бүл, дэлхийн нийт нөхөрсөг найзуудаасаа хэлсэн үгэндээ уучлал хүсэж, харамсаж байгаа” гэдгийг дамжуулсан байна. Мөн тэрээр олон нийтийн өмнө, камеруудын өмнө ч хүмүүсээр гэмгүй шоглож хөгжилддөг нэгэн гэжээ.
Бяцхан хүү Нобелийн энх тайвны шагналт Далай ламаас “таныг тэвэрч болох уу” гэж асуужээ. 87 настай эрхэм хөвгүүнийг тайзан дээр гарч ирэхийг хүсэж хацраа заан “эхлээд энд” гэж хэлжээ. Хүү хэлснийх нь дагуу хацар дээр нь үнсэж тэвэрсэн байна. Үүний дараа Далай лам уруулаа зааж “дараа нь энд” гэж хэлчхээд хүүгийн эрүүг татаж уруул дээр нь үнсжээ. Дараа нь хэлээ гаргаж, “миний хэлийг хөхөөрэй” гэж хэлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Түвдээс дүрвэж Энэтхэгийн Дарамсала хотод орогнож буй Далай ламын гаргасан үйлдлийг Делигийн хүүхдийн эрхийг хамгаалах Хак байгууллагын зүгээс бүх үйлдэл нь хүүхдийн эсрэг бэлгийн дарамт үзүүлсэн хүчирхийлэл мөн хэмээн зэмлэн буруутгасан байна.
Далай лам 2019 онд “хэрвээ эмэгтэй дүрээр буцаж ирвэл илүү дур булаам байх байсан” гэж хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, хүлцэл өчиж байсан удаатай.
Эх сурвалж: The Guardian, CNN