Wall Street Journal сэтгүүлийн сэтгүүлч Эван Гершковичийг гуравдугаар сарын сүүлчээр Екатеринбургт саатуулсан. ОХУ-ын тагнуулын алба Гершковичийг "Төрийн нууцад хамаарах мэдээлэлд хамаардаг Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын нэг аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл цуглуулах ажилд оролцож байсан" гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн департамент Эван Гершковичийг "хууль бусаар баривчлагдсан" гэж хүлээн зөвшөөрсөн гэж Wall Street Journal болон АНУ-ын гадаад бодлогын газрын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
"Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш. Бид Кремль Орост бие даасан дуу хоолойг хэлмэгдүүлж, үнэний эсрэг дайн хийж байгааг буруушааж байна" гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Гадаад хэргийн яам ОХУ-д хандан Эван Гершкович болон 2020 онд тагнуулын хэргээр ял шийтгүүлсэн Америкийн иргэн Пол Уилан нарыг нэн даруй суллахыг уриалж байна. "Хууль бусаар баривчлагдсан" гэх энэ статус нь барьцаалагдсан гэдэгтэй тэнцэнэ гэж үздэг байна.
Вашингтон Пост сонины олон улсын сэтгүүлч Жон Хадсон Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений энэхүү шийдвэрийн талаар твиттер хуудсандаа "хууль бусаар баривчлагдсан" гэж хүлээн зөвшөөрөх нь албан ёсны алхам бөгөөд түүний зорилго нь Гершковичийг суллах ажлыг хялбарчлах, хурдасгах явдал гэж тайлбарлажээ.
Гершковичийг тагнуулын хэргээр буруутгаж, Москва руу шилжүүлжээ. Үүний дараа дэлхийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антоновт хандан Гершковичийг суллахыг шаардсан захидалд гарын үсэг зурсан байна. Уг захидалд New York Times, Washington Post, BBC News, Euronews, Bloomberg, Sky News, Economist болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагын дарга нар гарын үсэг зурсан байна.
ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова WSJ-ийн сэтгүүлч Екатеринбургт хийж байсан зүйл нь сэтгүүл зүйтэй ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC