Цаг үеийн мэдээ

АНУ-ын Виржиниа мужийн сургуульд зургаан настай хүүхэд багш руугаа буудсан хэрэг гурван сарын өмнө гарчээ. Тангарагтны шүүх хүүхдийн ээж болох 25 настай Дежа Тэйлорыг хүүхдэд хайхрамжгүй хандсан болон гэмт хэрэг гарах нөхцөлийг ханган бүрдүүлсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Хүүхдийн багш руугаа буудсан буу түүний ээж Тэйлорынх болохыг өмнө нь мэдээлж байжээ. Ньюпорт Ньюс хотын Ричнек бүрэн дунд боловсролын сургуулийн сурагч үүргэвчиндээ буутай хичээлдээ ирсэн бөгөөд уг буугаар 25 настай багш Абигайл Звернерийн гар, цээжин тус газар буудсан байна. Багш хүнд бэртсэн ч азаар амь насанд нь халгүй өнгөрчээ. 

Мужийн прокурорын газраас уг хэргийн тохиолдол онцлог бөгөөд мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа гэж мэдэгдсэн байна. Хатагтай Тэйлор галт зэвсгийг хүүхдээс хол, аюулгүй газарт хадгалаагүй нь гэмт хэрэг гарах үндэслэл болсон гэж үзжээ. 

Багшийн зүгээс сургуулийн ажилтнуудыг онцгой хайхрамжгүй байсанд буруутгасан байна. Хэрэг гарсан нэгдүгээр сарын 6-ны өдөр хүүд гар буу байсан тухай сургуулийн холбогдох ажилтнуудад удаа дараа анхааруулсан боловч түүнийг үл ойшоосон гэжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа