Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр БНХАУ-д H3N8 шувууны томуугаар халдварласан эмэгтэй нас баржээ. Энэ нь уг шувууны томуугаар халдварласан хүн нас барсан анхны тохиолдол гэж тус байгууллага мэдэгдсэн байна.
Шувууны томуугийн H3N8 хүрээний вирус хамгийн анх Умард Америкт 2002 онд гарснаас хойш дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдээд байгаа юм. Шувуунаас гадна адуу, нохой, далайн хав зэрэг амьтад халдварласныг тогтоожээ.
Өнгөрсөн жилийн дөрөв, тавдугаар саруудад Хятадад хүнд халдварласан хоёр тохиолдол илэрсэн ч нас барсан тухай мэдээлээгүй. Тэгвэл ДЭМБ Хятадын Гуандонг мужид H3N8 томуугийн вирусээр халдварласан 56 настай эмэгтэй нас барсныг зарлалаа.
Уг эмэгтэйд энэ жилийн хоёрдугаар сарын 22-ны өдөр өвчний шинж тэмдэг илэрч, гуравдугаар сарын 3-ны өдөр уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш хоёр долоо хоног орчмын дараа буюу 16-ны өдөр амьсгал хураажээ.
Халдвар авсан эмэгтэй амьд шувуутай ойртсон түүх байсан бөгөөд гэрийнх нь ойролцоо зэрлэг шувуунууд олноор амьдарч байжээ. Мөн тэрээр амьд шувууны захаас ч халдвар авсан байж болзошгүй байна.
Дээрх тохиолдлуудыг ажиглахад H3N8 шувууны томуугийн вирус шууд болон шууд бус замаар амьтнаас хүнд халдварладаг ч хүнээс хүнд хялбар халдварладаггүй болохыг мэргэжилтнүүд ажиглажээ.
Эх сурвалж: The Guardian