Цаг үеийн мэдээ

АНУ-ын Алабама мужийн Дэдвилл хотын бүжгийн клубт ахлах ангийн сурагч 16 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Харамсалтай нь Махогани Мастерпийс бүжгийн клубт болсон төрсөн өдрийн үдэшлэг дээр буун дуу нүргэлж, галт зэвсгээр халдлага үйлдсэн байна.

Халдлагын улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 30 орчим хүн гэмтэж шархаджээ. Амь насаа алдсан хохирогчдын дунд ахлах сургуулийн алдартай тамирчин Филь Дауделл багтсан байна. 

Бямба гарагийн шөнө болсон халдлагын дараа Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хуулийг чангатгахыг дахин уриалжээ. Тэрээр хүүхдүүд төрсөн өдрийн үдэшлэгт ямар ч айдасгүй ирдэг болохыг хүсэж байна гэжээ. 

Ойролцоогоор 2,300 оршин суугчтай тус жижиг хотод энэ мэт олон нийтийг хамарсан галт зэвсгээр үйлдэгдсэн хүчирхийлэл тэр бүр гардаггүй байна. Одоогоор чухам ямар сэдлээр буун дуу гарсан болон сэжигтэн амиа алдсан, эсхүл баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. 

Хотын цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, үнэнийг тогтооход нэлээдгүй урт хугацаа шаардлагатай гэж үзсэн байна. Хохирогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байгаа бөгөөд зарим эцэг эх хүүхдүүдийнхээ мэдээллийг хүлээж авахын тулд 12 цагийн турш хүлээжээ.

Хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хохирогч хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж, лаа асаасан байна. Халдлага гарсан газарт байсан гэрч буу дуугарсны дараа зочдыг ширээн доор орж нуугдахад туслахыг оролдсон боловч хэн хаанаас гал нээж буйг харахад хэтэрхий харанхуй байсан тухай ярьжээ. 

Алабама нь аюулгүй байдлаа хамгаалахын тулд иргэд галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрдөг мужуудын нэг юм. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа