Цаг үеийн мэдээ

АНУ-ын Миссури мужийн Канзас хотод хаалга андуурч хонхыг нь дарсан 16 настай өнгөт арьст хүүг 84 настай этгээд хоёр удаа буудаж хүндээр гэмтээж хохироосон хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарчээ. Уг хэргийн хохирогч хүүг дэмжиж, хэргийг шударгаар шийдэхийг шаардсан иргэдийн жагсаал Канзас хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Хотын прокурорын газар хүүг буудсан этгээдэд хоёр хүнд зүйл ангиар ял тулгаж буйг мэдээлжээ.

Болсон явдлыг сийрүүлбэл эцэг эхийнхээ захиасаар 16 настай Ральф Ярл дүү нараа найзынх нь гэрээс авахаар явжээ. Гэвч хүү хаалга андуурч буруу айлын хонх дарсан байна. Харамсалтай нь андуурагдаж хонх нь дуугарсан айлын 84 настай цагаан арьст иргэн Эндрю Лэстер хүү рүү гал нээсэн бөгөөд нэг сум нь хүүгийн толгойг онож хүндээр шархдуулжээ.  

Уг хэргийг эсэргүүцсэн олон зуун иргэн жагсаалд нэгдээд байна. Тэд “хаалга тогших нь буудуулах гэмт хэрэг биш” хэмээн уриалжээ. Мөн “black lives matter” хөдөлгөөнийг эргэн сануулж, Ральфын хэргийг шударгаар шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардсан байна. Хүүгийн гэр бүлийн гишүүд GoFundMe хуудас нээж Ральфад туслах хандивын аяныг эхлүүлжээ. Одоогоор тус хандивын хүрээнд 1,5 сая ам.доллар цуглаад байгаа ажээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа