Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын агаарын уран гимнастикч үзүүлбэрийн үеэр унаж амь эрсэдсэн харамсалтай явдал болжээ. Анхуй мужийн төв дэх Сужоу хотод агаарын уран гимнастикийн үзүүлбэрийг хамтрагчтайгаа хамт үзүүлж байсан Сун гэх эмэгтэй амиа алдсан байна.

Эмэгтэйн хамтрагч нь төдийгүй нөхөр нь байсан Жан үзүүлбэрийн үеэр эмэгтэйн хөлөөс барих ёстой байсан ч барьж аваагүйн улмаас Сун талбай дээр унажээ. Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн боловч хэтэрхий хүнд бэртсэн тул эмч нар амь насыг нь аварч чадаагүй байна. 

The Paper сайтад нийтэлснээр уран гимнастикчин гэр бүл хоёр хүүхэдтэй байжээ. Мөн хос олон жилийн турш агаарын гимнастикаар шаргуу хичээллэж, удаан хугацаанд хамтарсан үзүүлбэр үзүүлж ирсэн байна. Өрсөлдөөн ихтэй салбарт амжилт олохын тулд тэд үзүүлбэрээ илүү сонирхолтой болгох үүднээс хамгаалалтын бүс хэрэглэдэггүй байжээ.

Цагдаа нар хэргийн мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна. Уг хэрэг Хятадын цахим сүлжээнүүдэд шуугиан тарьж салбарынхныг аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих ёстой хэмээн шүүмжлэх давлагаа эхэлжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа