Цаг үеийн мэдээ

АНУ-ын Fox News хэвлэл мэдээллийн компани саналын хуудас тоолох системийн Dominion компанийн нэр хүндэд халдсанаа хүлээн зөвшөөрч 787.5 сая ам.доллар төлөх тохиролцоонд хүрчээ. Dominion компани Fox News компанийг 2020 оны сонгуулийн үеэр худал мэдээ тарааж, компанийн нэр хүндэд халдахаас гадна бизнесийн их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхэд хандаад байсан юм.

Санал хураалт тоолох ажлыг хариуцсан Dominion компани эхлээд Fox News-ээс 1.6 тэрбум ам.доллар нэхэмжилж байсан ч үүний тал үнийн дүнгээр тохироо хийжээ. Уг тохироог Америкийн хэвлэлийн салбарт нэр хүндэд халдсан хэргийг шийдвэрлэх хамгийн том мөнгөн дүнтэй тохироо болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Гурван жилийн өмнө болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Fox Дональд Трампын эсрэг санал хураалтыг луйвардсан хэмээн худал мэдээ тараасан гэж Dominion компанийн зүгээс буруутгаад байсан юм. Fox-оос нэхэмжлэн авахаар болсон 787.5 сая ам.доллар нь Dominion-ы 2018 оны үнэлгээнээс 10 дахин их, 2021 оны жилийн орлогоос найм дахин их мөнгөн дүн ажээ. 

Талууд тохиролцолд хүрснээр хэвлэлийн магнат Руперт Мердок шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөх шаардлагагүй болж байна. Түүнчлэн уг гэрээнд шүүгч хөндлөнгөөс зөвшөөрөл өгөх шаардлагагүй юм. 

Dominion-ы гүйцэтгэх захирал Жон Поулос хэвлэлийн хурал дээр “Fox худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрлөө. Уг худал мэдээллээс болж компани асар их хэмжээний хохирол амссан. Үнэн хэзээд ялдаг. Худал үг ямар хор уршигтайг харууллаа” хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа