Владимир Путин Украинаас хэсэгчлэн эзэлсэн хоёр бүс болох Херсон, Луганск мужид айлчилсан тухай Кремль мэдээлжээ. Тэрээр хоёр штабт зочилж, генералуудтай фронтын нөхцөл байдлын талаар ярилцсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба видео бичлэг нийтэлсэн байна.
Энэ айлчлалыг "Урьдчилан бэлтгээгүй" гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ. Энэ нь Путин дайн эхэлснээс хойш Херсон, Луганск мужид хийж буй анхны айлчлал юм. Үүнээс өмнө тэрээр 3-р сарын 19-нд мөн л нууцаар Орост эзлэгдсэн Мариупольд очсон.
Путин Херсон мужийн эзлэгдсэн хэсэг дэх Геническ хот дахь "Днепр" бүлэглэлийн төв байранд хийсэн айлчлал нь Нэгдүгээр суваг, "Россия 1" болон НТВ телевизүүдийн өглөөний мэдээний гол сэдэв болсон байна. Путин генерал Макаревич, Теплинский нарын илтгэлийг сонсжээ.
"Би та бүхнийг командлалтай холбоотой гол үүргээс тань сатааруулахыг хүсэхгүй байгаа тул ажил хэрэгч байдлаар, товчхон боловч тодорхой байдлаар ажиллана" хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлснийг ТАСС мэдээлжээ. Тэрээр "Нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа талаар санал бодлоо илэрхийлэх, та бүхний үгийг сонсох, мэдээлэл солилцох миний хувьд чухал юм" гэжээ.
Кремлийн хэвлэлийн алба Путин мөн "Бүгд Найрамдах Луганск Ард Улс дахь" Үндэсний гвардад харьяалагддаг бас нэгэн штаб болох "Восток"-т зочилсон тухай мэдээлжээ. Тэнд генерал Лапин түүнд илтгэсэн гэж мэдээлжээ.
Путин 4-р сарын 17-ны даваа гарагт энэхүү айлчлалаа хийсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн бол зарим хэвлэлийн сэтгүүлч нар Путиныг ням гарагаас өмнө Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт айлчилсан байх боломжтой гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC