Цаг үеийн мэдээ

Гэрэл зургийн салбарт нэр хүндтэй Sony World Photography Award-ын ялагч уралдаанд оролцуулсан бүтээлээ хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, түүнд олгосон шагналаас татгалзжээ. Гэрэл зургийн уралдааны ялагчдыг өнгөрсөн долоо хоногт тодруулсан байна. Нээлттэй уран бүтээлийн төрөлд (үндсэн номинациас гадна) Германы гэрэл зурагчин Борис Элдагсен "Псевдомнези: Цахилгаанчин" ("Pseudomnesia: The Electrician") бүтээлээрээ шалгарсан.

Түүний уралдаанд ирүүлсэн бүтээлийг өөрөө бүтээгээгүй, харин алгоритм, өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан бүтээжээ. Элдагсений хэлснээр тэрээр ийм аргаар шүүгч нарын ажлыг шалгаж, гэрэл зургийн урлагийн ирээдүйн талаар анхаарал хандуулж олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсжээ. Германы гэрэл зурагчин уг бүтээлийг бүтээхэд хиймэл оюун ухаан хэр чухал үүрэг гүйцэтгэсэн талаар төөрөгдүүлсэн гэж тэмцээнийг зохион байгуулагчид хэлжээ. Элдагсен өөрийн цахим хуудаснаа шагналаас татгалзсан тухай албан ёсны мэдэгдлийг нийтэлж, “заль гарган хөгжилдсөн” тухайгаа илэн далангүй хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгчдийн ажлыг үнэлж талархал илэрхийлээд тэрээр энэхүү шагналыг түүхэн мөч гэж нэрлээд, одоо хамгийн их сонирхож байгаа зүйл бол шүүгчдийн бүрэлдэхүүнд уг бүтээлийн хийхэд хиймэл оюун ухаан оролцсон эсэх талаар сэжиглэсэн эсэхийг олж мэдэх явдал юм. Германы зураач "Ийм төрлийн уралдаанд хиймэл оюунаар бүтээгдсэн зургууд ердийн дүрстэй эн тэнцүү өрсөлдөж болохгүй" гэж хэлжээ. "Тэд өөр зүйлс. Хиймэл оюун ухаан бол гэрэл зураг биш. Тиймээс би шагналаас татгалзаж байна" гэж тэр тайлбарлажээ. Ялагч болсон хар цагаан гэрэл зураг бол насны ялгаа мэдэгдэхүйц хоёр эмэгтэйн хөрөг зураг юм. Зургийн зохиогчийн баталж байгаагаар "зураг" нь даалгавар дээр суурилсан машины алгоритмаар бүрэн бүтээгдсэн. Дэлхийн гэрэл зургийн байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлэхдээ ялагчдыг зарлахаас өмнө Элдагсен өөрийн бүтээл нь хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн "хамтран ажилласан бүтээл" гэдгийг дурдаж байсан. "Нээлттэй уран бүтээлийн төрөлд цианотип, рентген зураглалаас эхлээд дэвшилтэт дижитал практик хүртэл дүрслэх бүх төрлийн туршилтын аргуудыг зөвшөөрдөг" гэж тэр тайлбарлажээ. Тиймээс бид Борис [Элдагсен]-тэй холбогдож харилцан, баталгаа гаргасны дараа түүнийг энэ ангилалд оролцох шалгуурыг хангасан гэж үзэн, оролцох өргөдлийг хүлээн авч байсан". 

"Тэр одоо шагналаа эргүүлэн татахаар шийдсэн тул бид түүний хүсэлтийн дагуу хамтын ажиллагаагаа зогсоож, тэмцээнээс хаслаа" гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ. Өнгөрсөн есдүгээр сард хиймэл оюунаар бүтээгдсэн зураг АНУ-ын улсын урлагийн уралдаанд түрүүлэхэд энэ ялалт өнөөг хүртэл маргаан дагуулсан. Үүний зэрэгцээ технологийн хүчин чадал үсрэнгүй хөгжиж байна. Өмнө нь гэрэл зурагчин, уран бүтээлчид хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургуудын алдаа дутагдлыг онцолж, тайван ханддаг байсан. Одоо хиймэл оюун ухааны аливаа илэрхий дутагдлыг илрүүлэх нь улам хэцүү болж байна. Олон зураач, гэрэл зурагчид олон зуун мянган хүмүүсийн ажлыг хиймэл оюун ухааны алгоритмууд буруугаар ашиглаж эдгээр зургуудыг бүтээж байна гэж буруутгаж байна. Зарим бүтээлчид ирээдүйнхээ төлөө санаа зовж, компьютерын эрдэмтдийг хүртэл шүүхэд өгчээ. Мөн зарим хүмүүс хиймэл оюун ухааныг энгийнээр хүлээн авч ажлын шинэ хэрэгсэл, магадгүй урлагийн шинэ төрөл ангилал гэж үздэг байна. Гэрэл зураг өөрөө нэгэн цагт шинэ зүйл байсан гэж тэд сануулж байна. Тэр үед энэ шинэ технологи нь олон хүнд заналхийлж байсан юм шиг санагдаж байсан. Гэсэн хэдий ч энгийн мэт санагдах олон асуулт хариултгүй хэвээр байна - жишээлбэл, алгоритм ашиглан бүтээсэн зургийн зохиогчийн эрхийг хэн эзэмшдэг вэ? Хиймэл оюун ухааны технологи нь хариулагдаагүй ёс зүй, хууль эрх зүйн олон асуултыг бий болгож байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа