АНУ-ын Умард Каролина мужид хөрш айлынхаа хашаа руу бөмбөгөө унагаасан гэр бүл бууны суманд өртөж хүндээр гэмтсэн явдал болжээ. Уильям Вайтын хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байгаад хажуу айлын хашаа руу оруулчихсан байна. Бөмбөгөө авах гэхэд хөрш нь гал нээж Вайт болон түүний зургаан настай охин Кинсли бууны суманд өртөж, хүндээр шархаджээ.
Гэрчүүдийн хэлснээр 24 настай Роберт Синглетари гэрээсээ гарч ирээд ихэд уурлаж хүүхдүүд рүү дайрсан байна. Гэртээ буцаж ороод буугаа авч гарч ирэн улмаар гал нээжээ. Бусад хөршүүд сэжигтнийг хүүхдүүдтэй үргэлж таагүй харилцаатай байдаг тухай ярьжээ.
Зургаан настай Кинсли охины ээж Эшли Хилдербрэндийн хэлснээр сэжигтэн нөхөр охин руу нь харж байгаад “би та нарыг ална” гэж сүрдүүлсэн гэжээ. Сэжигтэн Синглетари пүрэв гарагийн өглөөний байдлаар баривчлагдаагүй байсан тул хөршүүдийг зэвсэглэсэн аюултай этгээдээс болгоомжтой байхыг сануулсан байна.
Гэмт этгээд анх удаа хүч хэрэглэсэн хэрэгт холбогдож байгаа тохиолдол биш ажээ. Тэрээр өнгөрсөн 12 дугаар сард найз бүсгүйгээ лантуугаар гэмтээж хоёр цагийн турш цус алдаж байхад нь гэрээсээ гаргаагүй гэсэн хэрэгт холбогдсон байна.
Уг явдлаас долоо хоногийн өмнө 16 настай өнгөт арьст хүү Ральф Ярл айлын хонх андуурч дарсныхаа төлөө цагаан арьст этгээдэд буудуулж хүндээр гэмтсэн хэрэг олны анхааралд өртөөд байсан юм.
Эх сурвалж: The Guardian