Суданы нийслэл Хартум хотод хагас цэрэгжсэн Шуурхай дэмжих хүчин болон армийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул гаднын улс орнууд дипломат төлөөлөгчид болон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд нүүлгэн шилжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн ням гарагт АНУ болон Их Британи улсууд дипломат төлөөлөгчдөө Суданаас эргүүлэн татаж, гаргажээ. Мөн Франц, Герман, Итали, Испани зэрэг бусад улс орнууд ард иргэд, төлөөлөгчдөө нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдөр эхлүүлсэн байна.
Вашингтоны мэдэгдэлд дурдсанаар ням гарагийн өглөө шуурхай ажиллагааны хүрээнд гурван Чинок нисдэг тэргээр 100 орчим хүчнийг тээвэрлэсэн байна. Хартум хот дахь АНУ-ын элчин сайдын яам хаалгаа барьжээ. Мөн Их Британийн Засгийн газар дипломат төлөөлөгчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг шуурхай ажиллагааны хүрээнд Суданаас гаргах ажлыг зохион байгуулснаа мэдэгдэв.
Франц улс тусгай нислэгийн нэг онгоц, Герман улс гурван онгоц Судан руу илгээж дипломат төлөөлөгчид, иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна. Египет, Пакистан, Канад зэрэг улсууд бямба гарагт 150 гаруй иргэнээ Саудын Арабын Жедда хот руу татан авчээ.
Улс орнууд иргэд төлөөлөгчдөө татан авах ажил эхэлсэн ч тооны хязгаартай байгаа юм. Суданд сурдаг Африк, Ази, Ойрх Дорнодын оюутнууд Засгийн газрууддаа хандан тусламж хүсээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Суданд үргэлжилж буй мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүний тоо 400 давсан гэдгийг мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС