Илон Маск Твиттерийг худалдаж авсныхаа дараа албан ёсны хаяг гэдгийг баталгаажуулдаг цэнхэр тэмдэглэгээтэй хэрэглэгчдээс сар бүр 8, жил тутам 84 ам.долларын төлбөр нэхэмжилсэн нь хэрэгжиж эхлэн, төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн тэмдгийг арилгаж эхлээд байсан юм. Тэгвэл Твиттер олны танил зарим хэрэглэгчийн цэнхэр тэмдгийг эргүүлэн олгосон байна.
Ингэхдээ нэг саяас дээш дагагчтай хэрэглэгчдэд төлбөрөө төлөөгүй хэдий ч цэнхэр тэмдгийг эргүүлэн олгосон гэж эх сурвалжууд мэдэгджээ. Цэнхэр тэмдгээ эргүүлэн авсан хэрэглэгчдийн дунд нэрт дуучин Бейонсе, хөлбөмбөгчин Харри Кейн, хөтлөгч Ричард Осман, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нарын хаяг багтсан байна.
Мөн ВВС News зэрэг алтан тэмдэглэгээтэй хаягууд төлбөрөө төлөөгүй ч тэмдгээ эргүүлэн авсан болохыг мэдээлжээ. Твиттер компани цэнхэр өнгийн тэмдэглэгээг хуурамч хаягаар хуурамч мэдээлэл тарахаас сэргийлэхийн тулд үнэ төлбөргүйгээр хэрэглэгчдэд олгосон ч Илон Маск компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсныхаа дараа ашиг орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор хураамж авахаа мэдэгдсэн билээ. Маскын шинэ дүрэм энэ сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байсан юм.
Эх сурвалж: ВВС