Индонези улсын Суматра арлын баруун талд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлсэн тул эргийн бүсээс ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Эрх баригчид ард иргэдийг эргээс нэн даруй холдохыг анхааруулсан ч сэрэмжлүүлгийг удалгүй цуцалжээ. Өнгөрсөн шөнө 03:00 цагийн үед болсон газар хөдлөлтийн голомт 84 км-ын гүнд бүртгэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа 4 магнитуд хүртэл хүчтэй доргилтууд олон тоогоор мэдрэгджээ.
Баруун Суматра мужийн нийслэл Паданг хотод газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн тул зарим иргэд далайн эргийг орхисон байна. Зарим оршин суугчид гэрээсээ гарч цочролд орсон байсан ч нөхцөл байдлыг намжаажээ. Мөн иргэд хөлөөрөө болон мотоциклоор өндөрлөг газарт гарсан байна.
Цунамигийн сэрэмжлүүлэг цуцлагдах хүртэл иргэд өндөрлөг газар бараадсаар байжээ. Индонези нь Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг тул богино хугацааны давтамжтайгаар хүчтэй газар хөдлөлтүүд болдог байна.
Эх сурвалж: The Guardian