Видео стрийминг үйлчилгээний Нэтфликс компани Өмнөд Солонгосын кино, контентуудад ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгджээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандос Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сукёлтой Вашингтонд уулзсаныхаа дараа уг мэдэгдлийг хийсэн байна.
Ерөнхийлөгч Юн Сукёл АНУ-д төрийн айлчлал хийж байгаа бөгөөд лхагва гарагт Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөжээ. Squid Game, Glory зэрэг Өмнөд Солонгостой хамтран бүтээсэн контентууд сүүлийн жилүүдэд Нэтфликсийн нэр хүнд, ашиг орлогыг өсгөхөд томоохон хувь нэмэр оруулаад байгаа билээ.
Сарандосын хэлснээр Өмнөд Солонгост хийгдэх кино, телевизийн шоу бүтээлүүд амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Түүнчлэн Нэтфликс Ерөнхийлөгч Юны энтертайнмент салбарыг дэмжиж буй бодлогыг сайшаан магтжээ.
Нэтфликсийн 2021 онд Өмнөд Солонгостой хамтран хийсэн Squid Game цуврал тус стриймингийн бүх цаг үеийн хамгийн алдартай бүтээл болсон юм. Уг цуврал нээлтээ хийснээс хойш 28 хоногийн хугацаанд 111 сая хэрэглэгч үзжээ. Мөн энэ жил хийсэн Өмнөд Солонгосын Physical 100 реалити шоу Нэтфликсийн хамгийн их үзэлттэй гадаад хэл дээрх шоу болсон билээ.
Дэлхийн 190 гаруй оронд нээлттэй Нэтфликс стриймингийн салбарт Amazon, HBO, Disney зэрэг платформуудтай ширүүн өрсөлдөж байна.
Эх сурвалж: ВВС