Цаг үеийн мэдээ

Афганистан улсын нийслэл Кабул хотын нисэх буудалд 2021 онд амиа золиослогчийн халдлага зохион байгуулж, 180 хүний аминд хүрсэн Исламын улс бүлгийн удирдагчийг Талибаны зэвсэгт бүлэг энэ сарын эхэнд устгасан болохыг АНУ-ын албаныхан мэдээлжээ.

Одоогоос хоёр жилийн өмнө Кабулын нисэх буудалд болсон халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дунд талибчуудыг төрийн эрхийг булаах үед эх орон руугаа буцах гэж байсан АНУ-ын тусгай хүчний 13 бие бүрэлдэхүүн байсан юм. Талибчуудын устгасан Исламын улс бүлгийн удирдагчийн нэрийг олон нийтэд хараахан зарлаагүй байна. 

Америкийн талын мэдээлснээр тагнуулын мэдээлэл, бүс нутагт тавьсан ажиглалт хяналтын дүнд Кабулын нисэх буудлын халдлагыг зохион байгуулсан этгээд амиа алдсаныг илрүүлжээ. Мөн Талибаны тал Исламын улс бүлгийн удирдагчийг хороох тусгай төлөвлөгөө боловсруулсан уу, эсхүл хоёр талын зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан уу гэдэг нь тодорхойгүй байна. 

Өнгөрсөн явдлыг эргэн сануулахад 2021 оны наймдугаар сарын 26-ны өдрийн орой 18:00 цагийн үед Кабулын нисэх буудлын Эббэй хаалган дээр тэсрэх бөмбөгтэй амиа золиослогч иргэдийн дунд орж зогсон өөрийгөө дэлбэлсэн юм. Хохирогчдын дунд АНУ-ын тусгай хүчний алба хаагчдаас гадна Британийн гурван иргэн, 10 орчим хүүхэд байжээ. Уг халдлагын зохион байгуулагчтай холбоотой мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.долларын шан харамж амлаж байсан юм. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа