Цаг үеийн мэдээ

Киев, Черкасс, Днепропетровск болон бусад бүс нутагт цохилт өгч дэлбэрэлтүүд болжээ. Нийтдээ Украины армийн мэдээлснээр Орос улс 23 далавчит пуужин харваж, Украины зэвсэгт хүчин 21 пуужинг замаас нь устгасан байна. Цохилтын улмаас хэд хэдэн байшин нуржээ.

Черкасс мужийн Умань хотод пуужин эсвэл түүний хэлтэрхий орон сууцны өндөр барилгын нэг орцыг бүхэлд нь сүйтгэж, 15 гаруй хүн, түүний дотор гурван хүүхэд амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлээд байна. Ойролцоогоор 17 хүн гэмтэж бэртсэн бөгөөд нурангийг зайлуулж цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Днепр хотод цохилтын улмаас хувийн орон сууц сүйрчээ. 31 настай эмэгтэй, хоёр настай охин нас барсан гэж орон нутгийн засаг захиргаа мэдээллээ. Өөр хэд хэдэн хүн шархадсан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский баасан гарагийн өглөө өөрийн цахим хуудсандаа бичихдээ "Өнөө шөнө дайсан Украин руу дахин пуужин, нисгэгчгүй онгоцоор дайрлаа. Террористуудын бай нь энгийн иргэд болон объектууд юм. Умань руу харвасан пуужингийн довтолгооны улмаас 10 орчим орон сууцны барилга эвдэрсэн. Тэдний нэгнийх нь бүхэл бүтэн орц нурсан. Хүмүүс нуранги дор үлдэж байна. Харамсалтай нь хохирогчид, амь үрэгдэгсэд, дунд хүүхэд байна. Днепр хотод террористууд цохилт өгсний улмаас нэг хүүхэд амь үрэгджээ. Оросын терроризмын улмаас ойр дотнын хүмүүсээ алдсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье" хэмээн бичжээ.

Киев мужийн Украинка хотод мөн пуужингийн хэлтэрхий орон сууцны барилга руу онож, 13 настай охин шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины хотуудыг буудсан талаар одоогоор тайлбар хийгээгүй байгаа ч тус газрын албан ёсны телеграм сувагт пуужин харвагч байгууламжийн гэрэл зураг, "байгаа яг онолоо" гэсэн бичээстэй нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа