Цаг үеийн мэдээ

Пүрэв гарагт Сөүлийн үндэсний их сургуулийн урлагийн ангийн оюутан Сөүл хотын Лиум урлагийн музейн ханан дээрээс Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы алдарт бүтээл болох скочоор тогтоосон гадил жимсийг салгаж авч идсэн байна.

Музейн хэвлэлийн төлөөлөгч CNN-д мэдээлэхдээ "Оюутан өлссөндөө үүнийг идсэн гэж музейн ажилчдад хэлсэн" гэжээ. "Comedian" нэртэй уг бүтээл 2019 оны 12-р сард Miami Beach-дахь Art Basel галерейд 120,000 доллароор зарагдсан нь урлагийн ертөнц дэх хамгийн алдартай мөчүүдийн нэг болсон. Тухайн үед үзэсгэлэнгийн үеэр уг бүтээлийн хоёр хувилбар мөн зарагдсан байна.

Өмнөд солонгос оюутан жимсийг идсэнийхээ дараа хальсыг нь хананд наажээ. Дараа нь хальсыг нь музей ажилчид шинэхэн гадил жимсээр сольсон байна. “Энэ гэнэтийн үйл явдал болсон тул тусгай арга хэмжээ аваагүй. Уран бүтээлчид (Каттелан) болсон явдлын талаар мэдэгдсэн ч тэр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй" гэж музейн хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ.

Энэхүү бүтээл нь Каттеланы бие даасан "WE" үзэсгэлэнгийн нэг хэсэг бөгөөд 7-р сарын 16 хүртэл Сөүл хотын музейд нээгдээд байгаа юм. Гадилыг 2-3 өдөр тутамд тогтмол сольж байгаа бөгөөд худалдаанд гаргахгүй байна.

Каттелан нь нийтийг хамарсан соёлыг сорьсон хошин зохиолоороо алдартай бөгөөд ихэвчлэн концептуал урлагийн талд маргаан үүсгэдэг.

Энэ нь хэн нэгэн урлагийн бүтээлийг идсэн анхны тохиолдол биш юм.

2019 онд "Comedian"-ны анхны хувилбар худалдагдсаны дараа уран бүтээлч Дэвид Датуна Майами дахь Арт Базелийн галерейд хананд наасан гадилыг иджээ. Тэр скочийг хуулж, гадилыг хальсалж, талыг нь хазаж, нөгөө талыг нь зочдод үзүүлсэн байна. Инстаграм дээр Дэвид Датуна энэ бол “Өлсгөлөн уран бүтээлч” гэдэг үзүүлбэр байсан гэж хэлсэн бөгөөд гадил маш амттай байсан хэмээн бичжээ.

Уран бүтээл нь мөн зохиогчийн эрхийн төлөөх тэмцэлд оролцож байна. 2022 онд Калифорнийн Глендейл хотын зураач Жо Морфорд Каттелан өөрийнх нь 2000 оны "Гадил ба Жүрж" нэртэй уран бүтээлийг хулгайлсан гэж мэдүүлсэн бөгөөд уг бүтээл  нь ногоон ханан дээр скочоор наасан жимс байдаг байна. Шүүхийн баримтаас үзвэл, өөрийгөө өмгөөлж буй Морфорд нь Каттелан "Comedian" бүтээлийг бүтээхээс нэлээд өмнө АНУ-ын Зохиогчийн эрхийн албанд уг бүтээлээ бүртгүүлж, өөрийн вэб сайт, Facebook, YouTube дансандаа бүтээлээ байршуулсан байжээ.

Каттеланы өмгөөлөгчид Морфорд урлагийн бүтээлийн элементүүд болох гадил жимсний болон хананд наалдсан скочийг "хүчин төгөлдөр зохиогчийн эрхгүй" гэж маргажээ.

Каттеланы олонд танигдсан өөр нэг бүтээл бол "Америк" нэртэй 18 каратын алтаар хийсэн бүрэн ажиллагаатай жорлонгийн суултуур байсан бөгөөд ойролцоогоор 6 сая доллароор үнэлэгдсэн байна. Анх 2016 онд Нью-Йоркийн Гуггенхаймд суурилуулсан бөгөөд зочдод ашиглахад нээлттэй байжээ. Дараа нь 2019 онд Английн Блейнхайм ордонд Уинстон Черчиллийн төрсөн газарт гарсан үзэсгэлэнд тавигдсан байхдаа хулгайд алдагдаж одоог хүртэл олдоогүй байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа