Цаг үеийн мэдээ

Серби улсын нийслэл Белград хотод лхагва гарагийн өглөө дөнгөж хичээл эхэлсний дараа 13 настай сурагч сургууль дээрээ галт зэвсгээр халдлага үйлджээ. Сурагч хүү найман хүүхэд, хамгаалалтын албаны ажилтны аминд хүрч, цөөнгүй хүнийг хүндээр шархдуулсан байна. 

Албаны хүмүүсийн хэвлэлийн хурал дээр өгсөн мэдээллээр өсвөр насны хүү халдлага үйлдэхээсээ өмнө төлөвлөж зурсан үрчгэр цаас олдсон ажээ. Мөн сурагч гал нээснийхээ дараа өөрөө цагдаа руу залгасан тухай мэдээлсэн байна. 

Хэдийгээр иргэд галт зэвсэг эзэмших тоогоор Европт тэргүүлдэг боловч хатуу чанга хууль дүрэмтэй Серби улсад өсвөр насны хүүхэд урьдчилан төлөвлөж галт зэвсгээр хөнөөлт халдлага үйлдсэн нь өмнө гарч байгаагүй хэрэг тул улс даяар ихээхэн цочирдоод байгаа юм. 

Белград хотын Владислав Рибникар бүрэн дунд сургуульд хичээл эхлээд удалгүй халдлага гарсныг сонссон эцэг эхчүүд хэргийн газарт олноороо цуглажээ. Бууны суманд өртөж амиа алдсан хүүхдүүдийн долоо нь эмэгтэй, нэг хүү байгаа аж. Мөн Францын Гадаад хэргийн яамнаас уг халдлагын улмаас нэг эмэгтэй сурагч амь насаа алдсаныг мэдэгдсэн байна. Халдлагын үеэр хүнд шарх авсан зургаан сурагч, нэг багш эмнэлэгт хүргэгдсэнийг Сербийн Дотоод хэргийн яам мэдээлжээ. 

Сэжигтэн сургуулийн хаалгаар орж ирэнгүүтээ харуул хамгаалалтын ажилтныг эхэлж буудаж хороосон байна. Дараа нь орох хаалганы дэргэд байдаг түүхийн хичээлийн танхимд орж гал нээжээ. Сэжигтэн гэрээсээ эцэг эхийнхээ кодтой сейфт хадгалаастай байсан хоёр гар бууг хулгайлан сургууль дээрээ авчирсан байна. Үүргэвчээс нь 9 мм-ийн хэмжээтэй гар буу, жижиг калибрын гар буунаас гадна тэсэрч дэлбэрэх зүйлс олджээ. Хүүгийн ээж аав хоёрыг цагдаа нар баривчлан саатуулах шийдвэр гаргасан байна. 

Серби улс ерээд онд Косовотой сөргөлдсөнөөс хойш иргэдийн дунд галт зэвсэг эзэмших байдал нэмэгдэж, дэлхийд гуравдугаарт орсон судалгааг 2018 онд хийж байжээ. Өөрөөр хэлбэл дэлхийд АНУ, Йемений дараа бичигдэж, Европт тэргүүлдэг байна. Сербийн зуун иргэн тутамд 50 орчим галт зэвсэг оногддог гэжээ.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа