ОХУ-ын нийслэл Москва дахь төр захиргааны төв Кремлийн ордон руу өнгөрсөн шөнө хоёр дрон халдсан бөгөөд Оросын Батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүд дроныг буулгаж авсан байна. Оросын талаас уг халдлагыг Украины талаас зохион байгуулж Ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдахыг санаархсан явдал хэмээн буруушаажээ.
Тэгвэл Финланд улсад айлчилж байгаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський үүнийг гүтгэлэг гэж үзсэн байна. Тэрээр “Бид Путин юм уу Москва руу огт дайраагүй. Бид өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр хот, тосгодоо хамгаалахын тулд л тулалдаж байна” хэмээн мэдэгджээ.
Хэн хаанаас бичсэн нь тодорхойгүй ч цахим сүлжээнд тархсан бичлэгээс харахад Кремлийн хашаанаас утаа гарч байсан бөгөөд өөр нэг бичлэг дээр Москва дахь думын ордны дээвэр дээр бага хэмжээний дэлбэрэлт болсон байна. Путин энэ үеэр Кремльд байгаагүй ба дронуудыг электрон радар ашиглан буулгасан гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгджээ.
Уг хэрэгт Украины талыг төрийн тэргүүний амь насанд халдаж, террорист гэмт хэрэг үйлдэхийг санаархсан явдал гэж буруутгаж байгаа боловч нөгөөтээгүүр Путины аюулгүй байдлын хамгаалалт сул байгааг харууллаа гэж өрнөдийн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин ямар хэмжээнд байгааг харуулж байна гэжээ.
Эх сурвалж: ВВС