Цаг үеийн мэдээ

5-р сарын 4-ний шөнө Краснодарын хязгаар дахь Илскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн агуулах сан руу нисгэгчгүй онгоц мөргөж, улмаар гал гарсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ. Урьдчилсан мэдээллээр гэмтэж бэртсэн хүн байхгүй ба өглөөний таван цагийн орчимд гал түймрийг бүрэн унтраасан байна. Мөн тавдугаар сарын 4-ний шөнө Ростов мужийн Киселевка тосгон дахь Новошахтинскийн нефтийн бүтээгдэхүүний үйлдвэр рүү нисгэгчгүй онгоц халдлага үйлдсэн гэж тус мужийн захирагч мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, нисгэгчгүй онгоц тус үйлдвэрийн баригдаж буй цех хоорондын гүүрэн гарцыг мөргөжээ. Тус үйлдвэрийн ажилчид галыг унтраасан байна. Одоогоор хүний ​​амь нас хохирсон талаар мэдээлэл гараагүй байна. Мөн Воронеж мужийн захирагч Александр Гусевын мэдээлснээр, 5-р сарын 4-ний өглөө агаарын довтолгооноос хамгаалах систем бүс нутгийн тэнгэрт нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд хүний ​​амь насанд хохирол учраагүй байна. Дрон ямар объект руу довтлох гэж оролдсон нь тодорхойгүй байна.

Орос улс Украин руу довтолж дайн эхэлснээс хойш Оросын бүс нутгуудаас нисгэгчгүй нисэх аппаратууд олдох тохиолдлууд нэлээдгүй гарсан. Украин  улс сөрөг довтолгоо хийхээр бэлтгэж байна гэсэн мэдэгдэлтэй зэрэгцэн 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр нисгэгчгүй онгоцнуудын дайралт нэмэгдсэн байна. Краснодарын хязгаарт 5-р сарын 3-ны шөнө Таман боомтын ойролцоо нефтийн бүтээгдэхүүн ачсан танк нисгэгчгүй онгоцны дайралтаас болж шатсан.

Мөн Москвад 5-р сарын 3-ны шөнө ОХУ-ын ерөнхийлөгчийн Кремль дэх ордон руу хоёр нисгэгчгүй онгоц халдлага үйлдэхийг завдсан тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа