Цаг үеийн мэдээ

Сербийн нийслэл Белград хотын бүрэн дунд боловсролын сургуулийн сурагч гэрээсээ авчирсан хоёр буугаар халдлага үйлдэж найман сурагч, хамгаалалтын ажилтны аминд хүрсний маргааш буюу пүрэв гарагт дахин цус асгаруулсан халдлага тус улсад гарчээ.

Добуна тосгонд зэвсэгтэй этгээд олон нийтийн газар автомат буугаар гал нээж найман хүний аминд хүрч, 13 хүнийг хүндээр шархдуулсан байна. Уг халдлагыг үйлдсэн 21 настай сэжигтэй эрэгтэй хэргийн газраас зугтжээ. Цагдаа нар сэжигтний нуугдаж байж болзошгүй бүсэд эрэн сурвалжлах, баривчлах ажлыг явуулж байна.

Сербийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр халдлага пүрэв гарагийн 11 цагийн үед болсон байна. Сэжигтнийг баривчлахад Белград болон Смедерево хотуудаас цагдаагийн нэмэлт хүч илгээж, терроризмтой тэмцэх тасаг, нисэх хүчин гээд цагдаагийн тусгай хүчний хэлтсүүд нэгджээ. 

Дээрх халдлагаас нэг хоногийн өмнө 13 настай хүүхэд сургуулийн сурагчид руу гал нээсэн хэрэг иргэдийг цочирдуулаад байсан юм. Энэ долоо хоногийг хүртэл Серби улсад галт зэвсгээр өргөн хүрээг хамарсан халдлага үйлдэх нь тун ховор тохиолдол байжээ. Серби улс нь иргэдийн зэвсэг эзэмшилтээр Европт нэг, дэлхийд тавдугаарт ордог байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа