Цаг үеийн мэдээ

Украины нисэх хүчин Киевийн төвд нисэж байсан өөрийнхөө дроныг сөнөөсөн тухай мэдээлжээ. Учир нь уг дрон нийслэл дээгүүр нисэж байхдаа хяналтаа алдсан гэж мэдэгдсэн байна.

Агаарын аюулгүй байдлыг хамгаалах хүчин өчигдөр орой Ерөнхийлөгч Володимир Зеленськийн ордны ойролцоо нисэж байсан дроныг сөнөөхийг оролдох үед 15-20 минутын турш тэсэрч дэлбэрэх чимээ гарчээ. 

Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Андрей Ермак эхэндээ дайсны дроныг сөнөөсөн гэж мэдэгдсэн боловч нисэх хүчин удалгүй уг дрон Украиных байсан ба гарч болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд устгасан гэдгийг баталсан байна. 

Баярактар ТВ2 UAV дрон урьдчилан төлөвлөсөн нислэгийн үеэр 20:00 цагийн орчимд гэнэт хяналтаа алджээ. Хяналтаас гарсан биет нийслэлийн дээгүүр нисэж байсан тул сөнөөх шийдвэр гаргасан байна. Дроныг сөнөөх үед хүн бэртэж гэмтсэн болон гарз хохирол амссан тохиолдол гараагүй гэжээ. 

Дроныг сөнөөж газардуулах явцын бичлэг цахим сүлжээнд өргөн тархсан байна. Дроныг амжилттай газардуулсны дараа хүмүүс баяр хүргэн алга ташжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа