Цаг үеийн мэдээ

Вьетнам улсад агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Цаг уурчдын мэдээлснээр тус улсын Тан Хоа мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд цельсийн 44 хэм хүрч халсан байна. Тиймээс иргэд оршин суугчдыг өдрийн халуун дээд цэгт хүрэх үед гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ. 

Ийнхүү цаг агаар огцом халж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас Вьетнам улсад удалгүй 44 хэмээс ч илүү халж, халуун цаг агаарын дээд хэмжээ дахин эвдэгдэнэ гэж судлаачид таамаглаж байгаа ажээ.

Вьетнам улсад хамгийн халуун цаг агаар дөрвөн жилийн өмнө Ха Тин мужид бүртгэгдэж байжээ. Тус мужид цельсийн 43.4 хэм хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болсон байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Вьетнамаас гадна зүүн өмнөд Азийн бүсэд хэт халалт тохиожээ. Тухайлбал Тайландын Мак мужид агаарын температур цельсийн 44.6 хэмд хүрсэн байна. Мөн Мьянмар улсын зүүн нутагт цельсийн 43.8 хэмд хүрч халсан нь сүүлийн 10 жилд тохиосон хамгийн халуун температур ажээ. 

Жилийн энэ үед цаг агаарын халуун урсгал бүс нутгийг дайран өнгөрдөг  боловч энэ жил өмнөх жилүүдээс илүү халуун болж байна. Дэлхий даяар аж үйлдвэрийн бүсэд агаарын температур цельсийн 1.1 хэмээр нэмэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа