Цаг үеийн мэдээ

Серби улсад өнгөрсөн долоо хоногт удаа дараалан галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн халдлагууд гарсан. Тэгвэл нийслэл Белград хотод олон арван мянган иргэн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.

Өнгөрсөн лхагва гарагт дунд сургуулийн 13 настай сурагч гал ээж найман хүүхдийн амийг хороосны дараа пүрэв гарагт зэвсэгтэй этгээд дахин халдлага үйлдэж нийт 17 хүн амиа алдсан юм. 

Жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардаж, сонин сэтгүүл, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж галт зэвсгээр үйлдэгдэх хүчирхийллийн эсрэг сурталчлан зарлахыг уриалсан байна.

Уг жагсаалыг Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич зэмлэн буруутгасан байна. Тэрээр сөрөг хүчнийг иргэдийн жагсаалыг ашиглаж өөрсдийн ашиг сонирхлыг сурталчилж байна гэж үзжээ. 

Мөн Ерөнхийлөгч завсрын сонгууль явуулж өөрийн намын чансааг шалгахад бэлэн ба Засгийн газрын гишүүдийг сэлбэх үү, сонгууль явуулах уу гэдгийг удахгүй шийднэ гэжээ. Тов ёсоор Сербид дараагийн Парламентын сонгууль 2026 онд болно.

Удаа дараалсан халдлагуудын дараа энэ даваа гарагт хичээл эхлэхэд Белградын бүх сургуулийн гадаа цагдаагийн хамгаалалт гаргасан байна. Цаашид цагдаа нарын тоог нэмэх ажээ.

Серби улс нь 2018 онд хийсэн судалгаагаар иргэдийн дунд зэвсэг эзэмшилтээр Европт тэргүүлж, дэлхийд тавдугаарт орсон байна. Тус улсын зуун иргэн тутмын тэн хагас нь галт зэвсэг эзэмшдэг байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа