Манхэттэн дүүргийн иргэний хэргийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 1995 оны үед зохиолч, сэтгүүлч И Жан Кэрролд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Энэ нь Трамп анх удаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож хууль ёсны дагуу хариуцлага тооцож буй явдал гэдгийг эх сурвалж онцолсон байна.
Трамп Манхэттэн дэх Бэргдорф Гүдмэн их дэлгүүрийн дотуур хувцасны тасгийн хувцас солих өрөөнд зохиолч эмэгтэйг хүчирхийлжээ. Хэдийгээр Трамп уг хэргийг үйлдээгүй гэж зүтгэсэн ч иргэний шүүх түүнийг хохирогч эмэгтэйд 5 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна.
Хэрэг эрүүгийн бус иргэний шүүхээр шийдэгдсэн тул Трампыг хэргийн бүртгэлд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтнээр бүртгэх шаардлагагүй ажээ. Уг хэргийг шийдвэрлэхэд зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шүүгч гурван цаг гаруйн турш хэлэлцсэн байна. Уг хэргийг хүлээхээс татгалзсан Трамп шүүх хуралд нэг ч удаа ирээгүй ажээ.
Энэ жил 79 настай зохиолч Кэррол хоёр өмгөөлөгчийнхөө хамт ялалт байгуулсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Харин Трамп өөрийн Truth Social цахим сүлжээндээ “тэр эмэгтэй хэн бэ гэдгийг үнэндээ мэдэх юм алга” хэмээн бичжээ.
Шүүх хуралд уг хэрэгт холбоотой 11 гэрч оролцсон байна. Тэдний дунд байсан хоёр эмэгтэйд Трамп бэлгийн дарамт үзүүлж байсныг шүүх танхимд мэдүүлжээ. Нэг эмэгтэй нь 1970-аад оны үед онгоцоор нисэж байхад Трамп түүнийг оролдсон бол нөгөө эмэгтэйг 2005 онд Трампаас ярилцлага авч байхад нь түүнийг хүчээр үнссэн гэжээ.
Эх сурвалж: ВВС