Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханыг авилгын гэмт хэрэгт буруутган мягмар гарагт баривчилсны дараа улс орон даяар түүний баривчилгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авсан билээ.
Имран Ханы дэмжигчдийн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарчээ. Эмх замбараагүй байдлын үеэр 1,000 орчим жагсагчийг баривчлан саатуулж, найман хүн амиа алдсан байна.
Мөргөлдөөнийг намжаахын тулд армийн цэргүүдийг зарим газарт тараан байршуулжээ. Мөн иргэдийг өмч хөрөнгөө халдлага дайралтад өртөхөөс сэргийлэхийг сэрэмжлүүлсэн байна.
Пакистан улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа үед крикетийн од тамирчин байсан Имран Ханыг огцруулсан. Тэрээр Пакистаны Ерөнхий сайдын албан тушаалд 2018-2022 оны хооронд суусан билээ. Энэ жилийн сүүлээр тус улсад Парламентын сонгууль болно.
Ерөнхий сайд асныг хууль зөрчсөн олон арван хэрэгт буруутгаж байгаагийн нэг нь төрийн сангаас өгдөг бэлгийг хууль бусаар бусдад худалдсан явдал юм. Гэвч тэрээр эрх барих хугацаандаа уг гарын бэлгийг хууль ёсны дагуу гардуулан өгсөн гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн саруудад цагдаа нар түүнийг баривчлахыг цөөнгүй удаа оролдсон боловч дэмжигчид нь нэвтрүүлэлгүй хамгаалсаар ирсэн юм.
Эх сурвалж: ВВС