Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Манхэттэн дүүргийн иргэний шүүх зохиолч Э Жан Кэрролд ерээд оны үед Нью-Йоркийн их дэлгүүрийн дотуур хувцасны тасагт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт гэм буруутай гэж тогтоосон. Улмаар экс Ерөнхийлөгчийг зохиолч бүсгүйд 5 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэрийг гаргасан билээ.

Трамп шүүхийн шийдвэр гарсны дараа Кэррол гэгч эмэгтэй хэн болохыг огт мэдэхгүй, танихгүй гэжээ. Тэрээр иргэний шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Трамп шүүхийн шийдвэрийг өөрийнх нь эсрэг улс төрийн өнгө аястай үйлдэл төдийгүй ямар ч утга учиргүй ажил гэжээ. Мөн “Хүүхдүүдийнхээ өмнө тэдний нэрээр андгайлж байна. Би хэзээ ч тийм үйлдэл хийгээгүй. Энэ бол хуурамч түүх” гэсэн байна. 

Шүүх бүрэлдээхүүний зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шүүгч хэргийг гурван цагийн турш хэлэлцсэний дүнд мягмар гарагт эцсийн шийдвэрээ гаргасан юм. Эрүүгийн гэмт хэрэг биш иргэний шүүхийн шийдвэр тул Трампыг хэргийн тэмдэглэлд бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон тухай бичихгүй ажээ.

Дональд Трамп 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн жагсаалтыг чансаагаараа тэргүүлж байгаа юм. Улс даяар хийсэн санал асуулгаар тэрээр иргэдийн 50-аас илүү хувийн саналыг авчээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа