Тайланд улсад өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн Парламентын сонгуулийн дүн гарлаа. Энэ удаагийн сонгуульд Move Forward сөрөг хүчний нам хамгийн олон санал авч, тус намын удирдагч 42 настай Пита Лимжароенрат дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших бүрэн эрхтэй болж байна. Харвардад сургууль төгссөн түүний намын ялалт Тайландын иргэд арав орчим жил удирдсан эрх баригчдаас залхсаны илэрхийлэл гэж тааварлаж байгаа юм.
Гэвч дараагийн Ерөнхий сайд болохын тулд Пита бусад нам эвслүүдтэй хэлэлцэж, тэднээс дэмжлэг авах ёстой. Ням гарагийн сонгуульд Тайландын сөрөг хүчний Pheu Thai нам саналын тоогоор хоёрдугаарт орсон байна.
Move Forward намын дарга Пита Лимжароенрат “өнөөдөр бол шинэ эхлэл. Итгэл найдвар гялалзаж байна. Зөв цаг нь иржээ” хэмээн Бангкок дахь намынхаа удирдах байранд сэтгүүлчдийн өмнө хэлсэн үгэндээ онцолжээ. Тэрээр Тайландын улс төрд холбоотой чинээлэг гэр бүлд төрсөн бөгөөд Шинэ Зеландад сурч, Харвард болон Массачусетсын технологийн сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Дараагийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай байгаа Move Forward намын дарга Пита аавынхаа цагаан будааны тосны компанийг өвлөн авч бизнесийн гараагаа эхлүүлжээ. Тэрээр Тайландын супер модель, жүжигчин Чутима Тийнпанарттай гэрлэсэн ч удалгүй салснаар долоон настай охиноо өөр дээрээ өсгөх болж ганц бие эцгийн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС