Цаг үеийн мэдээ

Хятадын цэрэг армийг удирдагч Ши Жиньпиний уриаг дагадаг ноходтой зүйрлэн хошигносон комеди жүжигчид эрх баригчдын эгдүүцлийг төрүүлжээ. Уг хошигнолыг хийсэн Шанхай Шиаогуа соёлын компани болон комедиан Ли Хаоши нарыг ардын армийг гутаан доромжилсон хэрэгт буруутган 14.7 сая юань буюу 2 сая гаруй ам.доллароор торгосон байна. Компани торгуулийг хүлээж авч, комедиан Литэй байгуулсан гэрээгээ цуцалжээ. 

Ли Хаошигийн торгууль амссан хошигнол өнгөрсөн бямба гарагт тайзнаа яригдсан байна. Тэрээр уг хошин яриандаа Ши Жиньпиний 2013 онд тавьсан Хятадын армийн зорилгыг хөнджээ. Уг бичлэг Хятадын Weibo цахим сүлжээнд тархаж, улмаар эрх баригчдын чихэнд хүрсэн байна. 

Бээжингийн эрх баригчид мягмар гарагт хэрэг үүсгэн шалгаж улмаар торгуулийн арга хэмжээ авахаар тогтжээ. Торгуулиас гадна Шанхай Шиаогуо компанийг Бээжинд үйл ажиллагаа явуулах, арга хэмжээ зохион байгуулах эрхийг нь цуцалсан байна. Хятадын Соёл, аялал жуулчлалын товчооны Бээжин дэх хэлтэс “нийслэл хотыг Ардын чөлөөлөх армийн сүр жавхлант нэр хүнд, дүр төрхөд халдах хэрэгсэл болгон ашиглахыг ямар ч компани болон хувь хүнд хэзээд зөвшөөрөхгүй” гэсэн мэдэгдэл гаргажээ. 

Уг хэрэгт холбогдсон комедиан өөрийн 136,000 дагагчтай Weibo хуудсандаа хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлэн, бүх ажлаа зогсоож, дахин суралцахаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа