Тэднийг хамгаалалтын албаныхныг хөнөөсөн хэрэгт буруутгаж байсан юм. Ираны эрх баригчид өнгөрсөн онд тус улсад болсон засгийн газрын эсрэг жагсаалын гурван оролцогчийг аюулгүй байдлын гурван албан тушаалтныг хөнөөсөн хэргээр цаазаллаа.
Мажид Каземи, Саид Ягуби, Салех Мирхашеми нар 2022 оны арваннэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Басижийн хоёр гишүүн, нэг цагдааг хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон. Цаазаар авхуулахаас хоёр хоногийн өмнө цаазын ял авсан хүмүүс тус улсын эрх баригчдад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг нь зөвшөөрөхгүй байхыг шаардсан бичгийг шоронгоос дамжуулсан байна.
Тавдугаар сарын 17-нд хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллага жагсагчдын шүүх хурлыг шүүмжилсэн. Өмнө нь цаазаар авах ял сонссон Мажид Каземи өөрийгөө эрүүдэн шүүж гүтгэсэн гэж мэдэгджээ.
Өөр нэг ял сонссон Салех Мирхашмигийн эцэг энэ сарын 18-ны пүрэв гарагт хүүгээ цаазлахын өмнөхөн түүнийг өмгөөлөн зурагт хуудастай зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Зурагт хуудсан дээр "Миний хүү ямар ч буруугүй. Түүнд зэвсэг байгаагүй" гэсэн бичээс байсан.
Ийнхүү 22 настай Махса Амини нас барсны дараа тус улсад болсон жагсаалаас хойш Ираны эрх баригчдын цаазалсан жагсагчдын тоо долоод хүрчээ.
Iran Human rights ба Together against the Death penalty байгууллагуудын мэдээлснээр, Ираны эрх баригчид 2022 онд 582 хүнийг цаазалсан нь 2021 онтой харьцуулахад 333 хүнээр илүү байна. Үүний зэрэгцээ хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр 511 хүн ялыг олон нийтэд зарлаагүй байхад цаазаар авах ял оногдуулсан бөгөөд зөвхөн 71 хүнд цаазаар авах ял оногдуулсан тухайгаа Ираны эрх баригчид албан ёсоор мэдээлсэн байна. Мөн хүний эрхийн төлөө тэмцэгчид 16 эмэгтэй, гурван насанд хүрээгүй хүүхдийг цаазалсан тухай мэдээлсэн. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр 2023 оны гурван сар хагасын байдлаар Иранд 151 хүн цаазлагдсан байна.
22 настай Махса Аминиг хижаб буруу өмссөн хэргээр цагдаад баривчлагдаж нас барсны дараа 9-р сарын дундуур Иранд томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Иранд хоёр сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 300 гаруй хүн амиа алдаж, 15,000 орчим хүн баривчлагджээ.
Аминигийн үхлийн талаар хамгийн түрүүнд бичсэн Нилуфар Хамеди, Элае Мохаммади гэсэн хоёр сэтгүүлчийг мөн цаазын ял сонсох магадлалтай байна. Ираны эрх баригчид тэднийг эх орноосоо урвасан, АНУ-ын тагнуулын албанд ажилладаг хэмээн буруутгаж байгаа юм.
Эх сурвалж:Настоящее время