Цаг үеийн мэдээ

Италийн Ерөнхий сайд Жиоржиа Мелони өнгөрсөн амралтын өдрүүдэд “Бүлэг 7”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Япон улсад айлчлаад байсан юм. Гэвч Италийн хойд нутагт үерийн улмаас гамшгийн нөхцөл байдал үүссэн тул айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж эх орондоо иржээ.

Тус улсын Эмилиа-Романиа мужид 36,000 хүн орон гэрээ орхиж, 28,000 иргэн гэрэл цахилгаангүй болж, 14 хүн үерийн улмаас амиа алдаад байна. Мужийн 20 гаруй гол мөрөн үерлэн савнаасаа хальж, 300 орчим хөрсний гулсалт үүсч, 500 орчим замыг хаажээ. 

Гамшгийн нөхцөл байдал улам дордсон тул эрх баригчид улаан өнгийн түвшний түгшүүрийг ням гараг хүртэл сунгасан байна. Жиоржиа Мелони бямба гарагт Япон улсыг орхиж, ням гарагт гамшгийн бүсэд очжээ. Тэрээр хүнд цаг үед эх орноо удаан хугацаагаар орхиж чадахгүй гэдгээ мэдэгдэж, гамшигт өртсөн бүсэд тусламж үзүүлэхээр болсон “Бүлэг 7” орны удирдагчид болон иргэдийн амь насыг аврахаар ажиллаж буй 5,000 аврагчид гүн талархал илэрхийлсэн байна.

Италид олон сар үргэлжилсэн ган гачгийн дараа гэнэт үер буусан нь дэлхийн цаг уурын хямрал Европт ирсний дохио гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Гамшигт хамгийн их өртсөн хотуудын нэг Равеннад иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг эрх баригчид нь мэдэгджээ. 

Эмилиа-Романиа мужид зургаан сар орох хэмжээний хур тунадас ердөө 36 цагийн дотор орсон ба зуун жилийн түүхэнд тохиогоогүй гамшигт үзэгдэл болоод байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа