Цаг үеийн мэдээ

SpaceX компани дөрвөн гишүүнтэй нислэгийн багийг олон улсын сансрын станц (ОУСС) руу илгээлээ. Дөрвөн гишүүний гурав нь төлбөртэй үйлчилгээгээр нислэг үйлдэж байгаа юм. Тэдний аяллыг Axiom компани зохион байгуулж байгаа бөгөөд Илон Маскийн хувийн компани болох SpaceX компанийн зохион бүтээсэн Crew Dragon сансрын хөлгийг Falcon 9 зөөгч пуужингаар тээвэрлэж байна. Хөөрөх ажиллагаа Ням гарагийн цагт Америкийн зүүн бүсийн (EST цагаар)  17:37 цагт боллоо. Энэ бол Axiom-ийн хоёр дахь ашгийн төлөөх хувийн сансрын нислэг юм.

Сансрын нислэгийн багийг НАСА-гийн сансрын нисгэгч асан, ОУСС-ын анхны эмэгтэй командлагч Пегги Уитсон удирдаж байна. Хөлөг онгоцны нисгэгчээр бизнесмен Жон Шоффнер, нислэгийн багийн гишүүд нь Саудын Арабын иргэд болох үүдэл эсийн судлаач Райян Барнави, сөнөөгч онгоцны нисгэгч Али аль-Карни нар юм. Тэд ОУСС-д очсон тус улсын анхны иргэд болох юм. Үүнээс гадна Барнави бол сансарт аялсан анхны Саудын Араб эмэгтэй юм.

Сансрын нисэгчид ОУСС-д найм хоног ажиллана.

Axiom-ийн хөтөлбөрийн дагуу багийн гишүүн бүрийн нэг нислэгийн үнэ 55 сая доллароор үнэлэгдэж байна. Ийм нислэгийг жилд хоёроос гурван удаа хийхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн оны сүүлээр SpaceX-ийн сар руу ниссэн анхны сансрын жуулчин болох гэж буй Японы тэрбумтан бизнес эрхлэгч Юсаку Маэзава түүнтэй хамт нисэх найман хүнийг сонгоно гэж мэдэгдэж байсан. Зарим мэдээллээр уг нислэг 2023 онд үйлдэгдэхээр байна.

Сануулахад, 2021 оны долдугаар сард Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос өөрийн Blue Origin компанийн бүтээсэн Нью Шепард хөлөг онгоцоор сансарт амжилттай ниссэн билээ. Безос 82 настай Америкийн нисгэгч Уолли Фанкыг түүнтэй хамт сансарт нисэхийг урьжээ. Нислэгээр нийт дөрвөн хүн явсны нэг нь түүний дүү байжээ. Мөн сүүлийн хүнийг дуудлага худалдаагаар тодруулан ялагч нь 28 сая ам.доллароор сансарт нисэх эрхийг худалдаж авсан байна.

Эх сурвалж: Svoboda, Курсив медиа

Таны сурталчилгаа