Цаг үеийн мэдээ

Хятадын ТикТок аппликейшныг Бээжин дэх Засгийн газарт хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулдаг гэж барууны улс орнууд сэрдэж, зарим компани, засаг захиргааны байгууллага тус апп-ыг хэрэглэхийг хориглоод байгаа юм. Монтана мужийн захиргаа ТикТок-ыг засаг захиргааны байгууллага, алба нэгжүүдээс гадна иргэдийг хэрэглэхгүй байх шийдвэр өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.

ТикТок апп-ын зүгээс уг шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Монтанагийн эсрэг АНУ-ын дүүргийн шүүхэд даваа гарагт гомдол гаргасан байна. Апп-ыг бүх муж даяар бүх нийтэд хориглосон нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд шүүхэд хандсанаар өөрсдийн бизнесийг болоод Монтанагийн олон зуун мянган хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан үйлдэл гэдгийг мэдэгджээ. ТикТок-ын зүгээс апп-ыг хориглосон АНУ-ын анхны муж болсон Монтана нь иргэдийн үзэл бодлоо нээлттэй, чөлөөтэй илэрхийлэх Үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. 

Монтана мужийн эрх баригчдын баталсан ТикТок-ыг бүх нийтээр хориглох шийдвэр ирэх 2024 оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулиар гар утсан дээрээ уг апп-ыг татаж суулгах хориотой ба хэдийнээ утсан дээрээ байршуулсан иргэдэд хэрэглэхийг нь хориглохгүй юм байна. ТикТок-ыг АНУ даяар 150 сая хүн хэрэглэдэг ажээ. 

Хэдийгээр энэ мэтчилэн ТикТок-ыг эсэргүүцэх, хориглох явдал өрнөдөд дэлгэрч байгаа ч тус апп-ыг эзэмшигч ByteDance компани Хятадын Засгийн газрын хяналтад байдаг гэсэн сэрдлэгийг няцаасаар ирсэн юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа