Цаг үеийн мэдээ

Турк улсад өчигдөр болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын дүн гарлаа. Урьдчилан таамаглаж байсанчлан Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс орноо дахин таван жил үргэлжлүүлэн удирдахаар сонгогдсон байна. 

Туркт орон нутгийн цагаар ням гарагт 17:00 цагт санал хураах байрууд хаалгаа барьж, нийт саналын хуудасны 99,85 хувийг тоолсон дүнгээр Эрдоган 52,16 хувийн саналаар ялалт байгуулжээ. Энэ нь 27,7 сая иргэний саналыг авсан гэсэн үг юм.

Сонгуулийн эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн аль нь ч 50-аас илүү хувийн санал авч чадаагүй тул Турк улсад анх удаа хоёрдугаар шатны санал хураалт зохион байгуулсан. Хамгийн өндөр санал авсан хэдий ч Эрдоган иргэдийн талаас илүү хувийн дэмжлэгийг авч чадаагүй ба хоёрдугаар шатны санал хураалтад маш бага хувиар өрсөлдөгчөөсөө илүүрхсэн нь түүнийг дэмжигчид суларсныг харуулж байна. 

Эрдогантай хамт сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдсөн нэр дэвшигч Кемал Киличдароглу сонгууль шударга бус явагдсан гэж үзжээ. Эрдоган хамгийн анх 2003 онд Ерөнхий сайд болсноор Туркийн төрийн эрхэнд гарсан бөгөөд 2014 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Анкара хотод олон мянган дэмжигчийнхээ өмнө хэлсэн үгэндээ тэрбээр “Турк улс яллаа” гэжээ. Эрдоганы дэмжигчид болон гаднын улс орнуудын төр засгийн тэргүүнүүд баярын мэндчилгээ илгээж байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа