АНУ-ын тэрбумтан хандивлагч Жорж Сорос 25 тэрбум ам.долларын хөрөнгөө өөрийн хүү Алексдаа өвлүүлэн өгөхөөр болжээ. Унгар гаралтай тэрбумтан Уолл Стрийт Жөрнал сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдсан байна.
Жорж Соросын сангийн хөрөнгө 1990-ээд оноос хойш дэлхийн олон арван улсад ардчиллыг хөгжүүлэхэд дэмжлэг болон зарцуулагдаж иржээ. Тэрээр АНУ-ын Ардчилсан намын томоохон хандивлагчдын нэг юм. Александр Сорос нь түүний таван хүүхдийн хоёр дахь нь бөгөөд түүхийн ухаанаар мэргэшжээ.
Түүнчлэн Алекс гэр бүлийнхнээсээ ганцаараа Соросын сангийн хөрөнгө оруулалтын хороонд ажилладаг байна. Өнгөрөгч оны 12 дугаар сард Нээлттэй нийгэм сангийн тэргүүлэгчийн албыг хүлээж авсан ба улс төрийн намыг шууд санхүүжүүлдэг эцгийнхээ “Super PAC” бүтцийг хариуцдаг ажээ.
Америкийн зарим хэвлэлүүд Алексыг эцгээсээ ч илүү улс төрд хутгалддаг нэгэн хэмээн бичсэн байна. Алекс АНУ-ын Ерөнхийлөгчийн ирэх оны сонгуульд дахин нэр дэвшихээ зарласан Дональд Трампын эсрэг кампанит ажлыг удирдах болов уу хэмээн таамаглаж байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС