Эквадор улсад нас барсан болохыг нь тогтоон оршуулах гэж байсан эмэгтэй амьсгалж амьд гэдэг нь мэдэгдэж, оршуулгад ирсэн хүмүүсийг цочирдуулсан байна. 76 настай Белла Монтояаг зүрх нь хаагдсаны улмаас амьсгал хураасан гэж өнгөрсөн долоо хоногт бүртгэжээ.
Нас барсан гэж бодож байсан эмэгтэйн оршуулгад зориулж хувцсыг нь сольж байгаад амьсгалж байгааг гэр бүлийнхэн нь олж мэдсэн байна. Тэр даруй Монтояаг эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. Уг явдлын дараа Эквадорын Эрүүл мэндийн яамнаас уг хэргийг мөрдөн шалгах хороо томилсон байна.
Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд эмэгтэйн зүрх хаагдсан бөгөөд амьсгалахаа больсон хэмээн эмнэлгийн баримтад тэмдэглэсэн байсныг дурджээ. Эмэгтэйг нас барсан гэж тэмдэглэсэн эмч уг хэргийн хариуцлагыг хүлээх нь гарцаагүй ажээ. Монтояагийн зүрх хаагдсан дуудлага 09:00 цагт ирсэн ба таван цагийн дараа эмч түүнийг нас барсан гэж гэр бүлийнхэнд нь хэлжээ.
Эх сурвалж: ВВС