Цаг үеийн мэдээ

Мексикийн нийслэл Мехико хотын дарга Клаудиа Шейнбаум ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. Тэрээр нам доторх сунгаанд өрсөлдөх эрхээ олж авахын тулд энэ баасан гарагт хотын даргын суудлаа орхихоор болсон байна.

Хэрэв ирэх жил болох сонгуульд эрх баригч намаас нэр дэвшин өрсөлдөж чадвал тэрээр Мексик улсын анхны эмэгтэй төрийн тэргүүн болох зам нь засагдах ажээ.  Эрх баригч зүүнтний Үндэсний сэргэн мандалтын хөдөлгөөн /Морена/ нам энэ жилийн есдүгээр сарын 6-ны өдөр нам дотор сунгааны дүнг танилцуулж, намаа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэрийг зарлана. Мехико хотын захирагч хатагтай Шейнбаум хүчтэй өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм. 

Ерөнхийлөгч Лопез Обрадорын Морена нам дотоодын өрсөлдөөнд нэрээ дэвшүүлэх хүмүүсийг энэ долоо хоногт багтаан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг зөвшөөрчээ. Энэ жил 60 настай Шейнбаум нь шинжлэх ухааны салбарын мэргэжилтэн бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалагч гэдгээрээ олон нийтэд танигдсан байна. Тэрээр эмэгтэйчүүдийн үе ирснийг онцолж, өнөөгийн Ерөнхийлөгчийн Мексикт хийх шилжилт өөрчлөлтийг үргэлжлүүлэхээ амлажээ. Хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгч ирэх жилийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй юм.

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа