Пол Маккартни хиймэл оюун ухааны тусламжтайгаар "Битлзийн сүүлчийн дуу"-г бүтээж чадсан тухай ярьжээ. Тэрээр хиймэл оюун ухааны технологи нь хуучин бэлтгэлийн бичлэгээс Жон Ленноны дуу хоолойг "салгахад" ашиглагдсан бөгөөд ингэснээр тэрээр бүтээлээ дуусгаж чадсан юм. Маккартни нэмж хэлэхдээ "Бид үүнийг дөнгөж дуусгалаа, энэ жил гаргах болно" хэмээн ярьжээ. Тэр ямар дуу болохыг хэлээгүй ч энэ нь 1978 онд Ленноны "Одоо ба дараа" ("Then and Now") нэртэй дуу байх магадлалтай байна.
Маккартни Ленноны бэлэвсэн эхнэр Йоко Оногоос бичлэгийг авч байжээ. Энэ нь 1980 онд Леннон нас барахынхаа өмнөхөн бичсэн "Полд" (For Paul) кассет дээрх дуунуудын нэг юм. Эдгээр ноорог дуунууд нь ихэвчлэн Леннон Нью-Йорк дахь байрандаа төгөлдөр хуур дээр тоглож "boombox" (кассеттай том хөгжим) дээр бичигдсэн дуунууд байсан. Дараа нь продюсер Жефф Линний тусламжтайгаар эдгээр дуунуудаас Free As A Bird ба Real Love хоёр дуу нь 1995, 1996 онд гарсан бөгөөд The Beatles-н 25 жилийн дараа гаргасан анхны "шинэ" дуу болж байсан.
Тэр үед хамтлагийнхан Ленноны Now And After дууг бичих гэж оролдсон ч бүтэлгүй болжээ. Линн дурссанаар, хамтлаг дуун дээр хэдэн цаг зарцуулсан боловч хөгжимчид материал хангалттай биш байгааг хурдан ойлгосон, "Дууны дахилт нь бадгийн утга агуулгатай зохицох зүйл бага байсан. Бид дуусаагүй бүдүүн тойм бичүүлж авсан" гэж ярьж байжээ. Харин Пол Маккартни Жорж Харрисон Жоны дууны бичлэгийн чанарыг муу гэж нэрлээд, үүнээс болж дуун дээр ажиллахаас татгалзсан гэж хожим хэлж байсан.
Одоо технологийн дэвшил түүнд дууг дуусгах боломжийг олгосон бололтой. Үүнд Питер Жексоны "The Beatles: Get Back" баримтат кино том хувь нэмэр оруулсан бөгөөд кинонд ярианы редактор Эмиль де ла Рей компьютерт Битлзийн дуу хоолойг таних, арын чимээ, хэрэглүүрээс салгаж, цэвэр дуу гаргах тухай ярьж байжээ.
"Тэр [Жексон] хуучин хуурцаг дээрх соронзон хальснаас Жонны хоолойг гаргаж чадсан" гэж Маккартни ВВС-д ярьжээ. "Жонны хоолой, төгөлдөр хууртай бичигдсэн байсан бөгөөд хиймэл оюун ухаан ашиглан салгаж чадсан. Тэр компьютерт:" Энэ бол дуу хоолой, энэ бол гитар. Гитарын дууг авч хая" гэж хэлж байсан. Тиймээс бид "Битлзийн сүүлчийн дуу"-г бүтээхдээ Жонны бичлэгийг авч, хиймэл оюун ухаанаар дуу хоолойг нь салгаж, тодорхой болгож чадсан. Ингэснээр одоо бид ихэвчлэн хийдэг шиг ээ бичлэгийг эвлүүлэх боломжтой болсон хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC