Титаник усан онгоцыг үзэхээр явсан Титан шумбагч онгоцны сэгийг Атлантын далайгаас олжээ. Онгоцонд явсан таван хүн амь үрэгджээ.
Шумбагч онгоцны сүүл болон бусад хэсгийг 3800 метрийн гүнд байгаа Титаник хөлгөөс 500 метрийн зайд байсныг Канадын Horizon Arctic хөлөг онгоцноос далайд гаргасан "Одиссеус" шумбагч онгоц олсон гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгджээ.
Онгоцны нөхцөл байдал нь осол болсныг илтгэж байгаа боловч түүний шалтгаан тодорхойгүй байна. Мөн нас барагсдын цогцос олдох эсэх нь тодорхойгүй байна.
Титан шумбагч онгоцны эзэмшигч OceanGate компани багийнхныг нас барсныг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл өмнө нь гаргасан. "Эдгээр хүмүүс онцгой адал явдалд дуртайгаараа нэгдсэн, мөн далайг судлах, хамгаалах гүн хүсэл тэмүүллээр нэгдсэн жинхэнэ судлаачид байсан" гэж мэдэгдэлд дурджээ. Титаныг шумбах газарт авчирсан "Polar Prince" судалгааны хөлөг онгоц одоогоос 110 жилийн өмнө живсэн"Титаник"-н байгаа газарт ням гарагийн шөнө иржээ.
Шумбагч онгоц өглөө шумбаж эхэлсэн ч даалгавар эхэлснээс хойш 1 цаг 45 минутын дараа гадаргуутай холбоо тасарсан байна.
Шумбагч онгоцонд таван хүн байсан. 58 настай Британийн бизнесмен, судлаач Хамиш Хардинг, 48 настай Пакистаны бизнесмен Шахзада Давуд болон түүний хүү 19 настай Сулеман, 61 настай Стоктон Раш, OceanGate компанийн захирал, мөн 77 настай Францын судлаач Пол Анри Наржоле нар байжээ.
Polar Prince хөлгийн багийнхан Титантай холбоо тасарсан тухай АНУ-ын эргийн хамгаалалтад нэн даруй мэдэгдээгүй, тэд найман цагийн дараа энэ тухай мэдэгдсэн байна. Үүний дараа Бостон дахь тус газрын удирдлагын төв хэд хэдэн улсын оролцоотой эрлийн ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Эхлээд дуу авианы аппаратаар хайж, дараа нь гүнд ажиллах чадвартай нисгэгчгүй шумбагч машинуудыг байрлуулсан байна.
Пүрэв гарагт усан онгоцонд хүчилтөрөгчийн нөөц дуусаж байх ёстой байсан тул эрэн хайх ажил шийдвэрлэх шатандаа оржээ. АНУ-ын эргийн хамгаалалтын алба аврах ажиллагааны цар хүрээг өргөтгөж, 10 хөлөг онгоц, хэд хэдэн шумбагч онгоцыг нэмсэн байна.
Өмнө нь цуурайн дуудлагын аппаратууд усан доорх чимээ шуугиан гарч буй хэд хэдэн цэгийг илрүүлсэн боловч тэдгээрийн аль нэг байршилд шумбагч олдоогүй байна. Гэсэн хэдий ч ажиллагаанд оролцогчид дуу чимээ илэрсэн газрын ойролцоо хүчин чармайлтаа төвлөрүүлжээ.
Далайн ёроолоос олдсон хэлтэрхийнүүд нь шумбагч онгоцны хэсэг болохыг тогтоож чадсаны дараа аврах ажиллагааг хэсэгчлэн зогсоож эхэлжээ.
Эх сурвалж: BBC