Оросын аюулгүй байдлын алба Евгений Пригожиний зохион байгуулсан гэж буруутгаж буй зэвсэгт бослого гаргах оролдлогын дараа Владимир Путин Оросын иргэд, хууль сахиулах байгууллага, армийнханд хандан үг хэллээ.
“ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагчийн хувьд би ОХУ-ын иргэний хувьд эх орноо батлан хамгаалах, үндсэн хуулийн дэг журам, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалахын тулд бүхнийг хийх болно. Цэргийн бослого зохион байгуулж бэлдсэн хэн бүхэн, зэвсэгт нөхдийнхөө эсрэг зэвсэг өргөсөн хэн бүхэн- Оросоос урвасан. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энэ гэмт хэрэгт татагдан орж байгаа хүмүүсийг үхлийн аюултай, эмгэнэлтэй, том алдаа гаргахгүй байх, цорын ганц зөв сонголт болох оролцохыг зогсоохыг уриалж байна. Өнгөрсөн шөнө бүх чиглэлийн командлагч нартай ярилцаж, Зэвсэгт хүчин өөрсдийн байр суурин дээр баатарлагаар тулалдаж дайсны довтолгоог няцааж, байгааг мэдэж байгаагаа Ерөнхийлөгч онцоллоо.
"Би хууран мэхлэлт, заналхийллээр гэмт хэргийн адал явдалд татагдан, онц ноцтой гэмт хэрэг буюу зэвсэгт бослогын зам руу түлхсэн хүмүүст хандан уриалж байна. Өнөөдөр Орос улс ирээдүйнхээ төлөө ширүүн тэмцэл өрнүүлж, неонацистууд ба тэдний эздийн түрэмгийллийг няцааж байна. Барууны бараг бүх цэргийн, эдийн засгийн, мэдээллийн машинууд бидний эсрэг чиглэсэн. Бид ард түмнийхээ амь нас, аюулгүй байдал, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байна. Мянган жилийн түүхтэй Орос улс байх, үлдэх эрхийн төлөө тэмцэж байна". Бүх хүчний эв нэгдэл шаардлагатай энэ нөхцөлд нийгмийг хагалан бутаргах гэсэн оролдлогыг ерөнхийлөгч ард түмнээсээ урваж, улс орныхоо ар нурууруу цохисон хэрэг гэж нэрлэжээ. Тэрээр бослого гаргах оролдлогыг тус улс дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байсан 1917 оны үйл явдалтай зүйрлэсэн юм.
"Бид урвалттай тулгарч байна. Хэт их амбиц, хувийн ашиг сонирхол нь эх орноосоо урвахад хүргэсэн. Эх орон, ард түмнээсээ урваж, мөн мөр зэрэгцэн хамт тулалдаж амь үрэгдэж байсан бусад анги, нэгтгэлүүдээсээ урвасан. Соледар, Артемовск, Донбассын хот, суурингуудыг чөлөөлсөн баатрууд Новороссиагийн төлөө, Оросын ертөнцийн эв нэгдлийн төлөө тэмцэж, амь насаа өгсөн баатрууд. Тэдний нэр хүнд, алдар нэрээс бас урвасан хүмүүс бослого зохион байгуулж, улс орныг эмх замбараагүй байдал, ах дүүгийн аллага руу түлхэж байна. Эцэст нь ялж, бууж өгнө" Эх орноо аюулаас хамгаалах үйл ажиллагаа хатуу байх болно гэдгийг төрийн тэргүүн анхааруулжээ. Урвах замд орсон бүх хүмүүс хууль, ард түмний өмнө шийтгэгдэж, хариуцлага хүлээх нь гарцаагүй. Арми болон төрийн байгууллагууд шаардлагатай тушаалуудыг хүлээн авч, Москва болон зарим бүс нутагт терроризмын эсрэг нэмэлт арга хэмжээ авч байгааг Путин онцолжээ. Ростов-на-Дону хотод иргэний болон цэргийн эрх баригчдын ажил үнэхээр гацсан байдлыг тогтворжуулах шийдвэртэй алхмуудыг хийж байна.
"Бид өөрсдийнхөө эрхэм нандин, ариун нандин зүйлээ хадгалж, хамгаалж, эх оронтойгоо хамт аливаа сорилт бэрхшээлийг даван туулж, улам хүчирхэгжинэ гэдэгт би итгэж байна" гэж Путин хэлжээ.
Урд шөнө нь олон нийтийн сүлжээгээр Евгений Пригожины нэрийн өмнөөс Батлан хамгаалах яамыг Вагнерын цэргийн ангиудад пуужингийн довтолгоо хийсэн гэж буруутгасан мэдээллүүд тарж эхлэсэн. Оросын аюулгүй байдлын албаны мөрдөн байцаах хэлтэс Пригожинд "Зэвсэгт бослого зохион байгуулах" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалж: РИА Новости