Бямба гарагийн үдээс хойш Санкт-Петербургийн Фонтанка хэвлэл Вагнер хувийн цэргийн компанийн удирдагч Евгений Пригожиний Трезини зочид буудал дахь албан байранд нэгжлэг хийсэн тухай мэдээ нийтэлсэн бөгөөд энэ үеэр Пригожиний зурагтай өөр нэртэй гадаад паспортууд байжээ. Дараа нь уг мэдээг шалтгаан тодорхойгүй устгасан байна.
Энэхүү нэгжлэг нь бямба гарагт Пригожин болон Оросын эрх баригчдын хооронд албан бус тохиролцоонд хүрснээр дууссан Вагнерийн зэвсэгт жагсаалын үеэр болсон юм. Фонтанкагийн телеграм сувагт "Тэд Пригожиний оффисоос алтан гулдмай, цагаан нунтаг зүйлс, ууттай доллар, паспортууд олжээ" гэж мэдээлсэн байна. Нэгжлэгээр 4 тэрбум рубль бэлнээр, таван кг алтан гулдмай, зургаан гар буу, нэг килограммаар боосон 5 кг цагаан нунтаг илэрсэн гэж мэдэгджээ. Мөн "Евгений Пригожинтэй төстэй хүний зурагтай, гэхдээ өөр өөр нэртэй" дөрвөн паспорт олдсон гэж мэдэгджээ. Фонтанка эдгээр нь түүтэй төстэй царай зүстэй түүний орлон тоглогчийн баримт бичиг гэж таамаглажээ. Фонтанкагийн нийтэлсэн олдсон паспортуудын зураг дунд 2020 онд халхавчаар түүний оронд Литвад айлчилсан хүний зурагтай паспорт ч байжээ. Өөр нэг паспорт дээр Пригожиний өөрийнх нь зураг байх бөгөөд Владимир Бобровын нэр дээр паспорт байжээ. Ийм нэртэй хүн үнэхээр байдаг, энэ бол Либерал ардчилсан намаас орон нутгийн сонгуульд олон удаа нэр дэвшиж байсан нэгэн инженер юм. Түүнийг Пригожинтэй юу холбож байгаа нь тодорхойгүй байна.
Пригожины зурагтай өөр нэг паспорт нь Дмитрий Гейлерийн нэр дээр байсан. 2021 онд "Эрх чөлөө" радио Санкт-Петербург дахь "Согаз" эмнэлэгт Владимир Путины ойр дотнын хүмүүсийг эмчилсэн гэж бичжээ. Гейлер мөн өвчтөнүүдийн дунд байсан бөгөөд үйлчлүүлэгчийн мэдээллийн санд түүний нэрийн эсрэг талд "супер VIP" гэж тэмдэглэгдсэн байв. Уг өвчтөн үнэхээр Вагнерийн дарга байсан гэж таамаглаж болно.
Пригожингийн оффист нэгжлэг хийсэн талаар хууль сахиулах байгууллагаас албан ёсны тайлбар хийгээгүй байна. Бямба гарагийн орой Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүнд холбогдох эрүүгийн хэргийг хаах болно гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Svoboda