Оросын цэргүүд Краматорск хотын төв рүү пуужин харваж, дөрвөн хүн амиа алдаж, 42 хүн шархадсан байна. Донецк мужийн цэргийн захиргааны дарга Павел Кириленко мэдэгдэхдээ “Олон хүн цугласан” ресторанд халдлага үйлдэгдсэн гэжээ. Мөн дэлбэрэлтийн улмаас ойр орчмын байшингууд, дэлгүүр, шуудан болон бусад байгууллагууд эвдэрч нурсан байна. Газар дээр нь шуурхай штаб ажиллаж байна. Нуранги цэвэрлэх талбайд удаа дараа пуужин харвах аюул гарсан тул аврах ажиллагааг түр зогсоосон гэж мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермакын хэлснээр, нийтдээ хоёр цохилт өгсөн: нэг нь хотын төвд, хоёр дахь нь Краматорск хотоос найман километрийн зайд байрладаг Беленкий тосгонд. "Украинская правда"-гийн эх сурвалжийн мэдээлснээр Оросын арми С-300 пуужингаар довтолжээ. Нас барагсдын дунд 2008 онд төрсөн нэг хүүхэд, мөн 8 сартай нэг хүүхэд шархадсан байна. Краматорск хотод дэлбэрэлт болсон газар байсан Бельгийн сэтгүүлч Арно де Декер Оросуудын цохилтын улмаас бүрэн сүйрсэн Ria Lounge баар хүмүүсээр дүүрэн байсан гэж бичжээ. Тэрээр цохилтоос 20 минутын өмнө баарны дотор авсан зургаа нийтэлсэн байна.
Краматорск хотод эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна. Хүмүүс, тэр дундаа хүүхдүүд нуранги дор үлдсэн байх магадлалтай байна.
Эх сурвалж: Настоящее время