Цаг үеийн мэдээ

Машин жолоодож явсан 17 настай хүүг цагдаа нар хөнөөсөн хэргийн улмаас лхагва гарагийн шөнө Парис хотын захын дүүрэгт үймээн самуун дэгджээ. Жагсагчид хаалт барьж, цагдаа нар руу галт цацраг шидэж олон арван машин шатаажээ. Жагсагчдын дургүйцлийг нэмсэн зүйл бол цагдаа нар өсвөр насны хүүг ямар нөхцөл байдалд буудсан талаар анх худал хэлж байсан нь хэргийн бичлэг цацагдах үед ил болсон юм. Ийм тохиолдолд цагдааг ихэвчлэн дэмждэг Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин уг бичлэгийг "жигшмээр" гэж нэрлэсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нөхцөл байдлыг тайлбарлахын аргагүй, уучлахын аргагүй гэж үзээд хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Мягмар гарагт Мерседес маркийн машин жолоодож явсан Алжир гаралтай 17 настай өсвөр насны Наел  хүүг дүрэм зөрчсөний улмаас цагдаа нар зогсоож, буудан хөнөөсөн байна. Цагдаа нар эхлээд Наел тэднийг дайрахыг оролдсон гэж мэдэгдсэн боловч дараа нь нийтлэгдсэн хэргийн бичлэгт хоёр цагдаа зогсож буй машины дэргэд очиж нэг нь жолооч руу буу чиглүүлэн "Чиний толгой руу нь буудна" гэж хэлсэн байна. Машин гэнэт хөдөлж, цагдаа шууд бууджээ. Машин хэдэн метр явж саад мөргөж зогссон байна. Наелтай хамт машинд хоёр зорчигч байсан байна. Үймээн самуун Наелийн төрсөн Парисын захын Нантер хотод эхэлсэн боловч дараа нь бусад захын дүүрэгт тархжээ. Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин нэг шөнийн дотор 31 жагсагч баривчлагдаж, 24 цагдаа хөнгөн гэмтэл авч, 40 орчим машин, нэг барилга шатсан байна гэж мэдэгдсэн байна.

Хүүг буудсан 38 настай цагдааг хүн амины хэрэгт сэжиглэн цагдан хорьжээ. Наел М-н өмгөөлөгч цагдааг зөвхөн хүн амины хэргээр бус худал мэдүүлэг өгсөн хэргээр шалгуулах бодолтой байгаагаа хэлжээ.

Өсвөр насны хүүгийн амийг хөнөөсөн хэрэгт эгдүүцэж буйгаа Францын зарим алдартнууд болон улс төрчид илэрхийлжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Килиан Мбаппе твиттер хуудсандаа "Би Францынхаа төлөө би гунигтай байна. Миний бүх бодол биднийг маш эрт орхисон бяцхан сахиусан тэнгэр Наелийн найз нөхөд, гэр бүлийнхэнтэй хамт байна" хэмээн жиргэжээ.

Наел М-ийн ээж Муниа Лхагва гарагт Нантерре дахь оршуулгын жагсаалд оролцохыг олон нийтийн сүлжээгээр уриалж байна. Дотоод хэргийн сайд Дарманен дахин үймээн самуун гарахаас сэргийлэхийн тулд 2000 цагдааг лхагва гарагт илгээнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа