Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо бусдын гарт амь насаа алдсан эмгэнэлт явдлаас хойш нэг жил өнгөрч байгааг тохиолдуулан япончууд бямба гаргийн өглөөнөөс эхлэн баруун нутгийн Нара хотод түүний амиа алдсан газар цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэж байна.
Гашуудлын арга хэмжээ мөн Токио хотын Зожожи буддын сүмд болох бөгөөд Японы Засгийн газрын одоогийн тэргүүн Кишида Фүмио, эрх баригч Либерал-Ардчилсан намын гишүүд оролцох төлөвтэй байна.
2022 оны долоодугаар сарын 8-нд Тэнгисийн цэргийн флотод алба хааж байсан Ямагами Тэцүяа гэх эрэгтэй Нара хотын нэгэн гудамжинд сонгуулийн сурталчилгаад оролцон үг хэлж байсан Ерөнхий сайд асан Абэг ар нуруунаас нь буудсан юм. Ямагами гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан урт бууг өөрөө хийж, олон дахин туршиж сайжруулж байжээ. Түүнийг хамгаалалтын албаныхан газар дээр нь баривчилсан.
Долоодугаар сарын 12-нд Зожожи сүмд Абэгийн оршуулгын ёслол болсон бөгөөд ёслолд зөвхөн гэр бүлийн гишүүд, ойр дотны найз нөхөд, хамтран зүтгэгчид нь оролцсон юм. Түүний улс орныхоо хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг нь харгалзан Японы Засгийн газар есдүгээр сарын 27-нд төрийн оршуулгын ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Ямагами Тэцүяа байцаалт өгөхдөө, “Эв нэгдлийн сүм” шашны байгууллагатай Абэ Шинзо холбоотой гэдэгт итгэлтэй байсан тул түүнийг хөнөөсөн гэж мэдүүлжээ. Түүний ээж уг сүмийн итгэгч байсан бөгөөд бүх хөрөнгөө хандивлаж, гэр бүлээ дампууруулсан байна.
“Эв нэгдлийн сүм” нь өөрийн дагагч нараас их хэмжээний мөнгө дарамтлан авдаг, түүнчлэн Японы эрх баригч Либерал- Ардчилсан намын удирдлагуудтай холбоо сүлбээтэй гэдэг нь мөрдөн шалгалтын явцад ил болсон юм.