Цаг үеийн мэдээ

Номхон далайд түүхий загас, борооны усаар гурван сар амьдарсан Австралийн далайчин Тим Шаддокийн биеийн байдал сайн байгаа гэж эмч нар мэдэгджээ. Долоодугаар сарын 12-нд загас агнуурын хөлөг онгоц Мексикийн эргээс холгүй хөвж явсан 51 настай Австралийн иргэн болон Белла нохой 2-ыг аварсан байна.

Сиднейд амьдардаг Шаддок далайн аялалд дуртай. Дөрөвдүгээр сард тэрээр Мексикээс Францын Полинез хүртэлх 6 мянга гаруй км замыг туулахаар шийджээ. Түүний жижиг завь Мексикийн Ла Пас боомтоос хөдөлсөн боловч хэдхэн долоо хоногийн дараа шуурганы улмаас цахилгаан хэрэгсэл, радио холбооны систем доголдож, тэр цагаас хойш завьтайгаа далайн усанд хөвжээ.

Австралийн эрлийн ажил хэрхэн өрнөсөн, хэр өргөн цар хүрээтэй байсан, яагаад бүхэл бүтэн хоёр сарын турш үр дүнд хүрээгүй нь тодорхойгүй хэвээр байна; 7-р сарын 12-нд завийг нисдэг тэргээр олж харсны дараа загас агнуураар мэргэшсэн хөлөг онгоц ирсэн гэж мэдээлсэн. “Би далайд маш хэцүү сорилтыг туулсан. Одоо надад амрах, сайхан хоол л хэрэгтэй байна. Би удаан хугацаанд хоол тэжээлийн дутагдалд орсон” гэж Тим Шаддок өнгөрсөн амралтын өдөр далайчныг аварсан тухай бичсэн Австралийн 9 News сувагт ярьжээ.

Далайчны хэлснээр түүнийг амьд үлдэхэд загас агнуурын тор тусалсан бөгөөд түүний тусламжтайгаар загас барьж, түүхийгээр нь идэж борооны ус ууж байжээ.

Шаддок, Белла нохойтойгоо Мексикийн нэгэн эмнэлэгт эмчийн хяналт дор хэсэг хугацаанд хэвтэх төлөвтэй байна. Шаддок болон түүний нохойд туслахаар ирсэн Мария Делиа траулер хөлөг онгоцны багийнхан тэднийг аварсныг жинхэнэ гайхамшиг гэж үзэж байна. Далайчдын үзэж байгаагаар Номхон далайн ус, ялангуяа түүний хойд хэсэг нь жижиг хөлөг онгоцнуудад маш аюултай байдаг. Далайн аврах чиглэлээр мэргэшсэн Австралийн профессор Майк Типтон 9 News-т өгсөн ярилцлагадаа Шаддокийн нөхцөл байдал бол өвсөн дотроос зүү олох тухай хэллэгийн ердийн жишээ гэж хэлжээ. “Завь ямар жижиг, Номхон далай ямар өргөн уудам болохыг ойлгох хэрэгтэй. Олдох магадлал тун бага” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж:  BBC

Таны сурталчилгаа