Өнгөрсөн жил NASA-гийн инженерүүд сансрын хөлгийн тусламжтайгаар ердийн тойрог замаас нь гаргаж чадсан Диморф хэмээх бага гарагийн хувь заяаг одон орон судлаачид үргэлжлүүлэн хянаж байна. Эрдэмтэд манай гарагаас 11 сая километрийн зайд (харьцуулбал: энэ нь сарнаас 25 дахин хол) мөргөлдөөнийг зөв төлөвлөж, зохион байгуулахын тулд шаргуу ажиллах шаардлагатай болсон.
NASA өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цохилтоос гурван сарын дараа Хаббл дурангаар авсан Диморфын зургийг дэлхий рүү одоо л дамжуулж, боловсруулж дууссаныг нийтэлжээ. Зурган дээр "цохигдсон" бага гараг өөрийн дагуулуудтай болсныг харж болно. Энэ нь цохилтын дараа (болон магадгүй үр дүнд нь) Диморфын үндсэн хэсгээс бутарч салсан гучаас багагүй тооны төрөл бүрийн чулуун хэлтэрхий түүнийг хүрээлсэн байна. Харагдац муу учраас хэлтэрхийний тоог нарийн тооцоолох боломжгүй. Энэ бол Хаббл-ын зураг авч байсан хамгийн бүдэг биетүүдийн нэг юм. Гэвч Европын сансрын ажиглалтын төвийн ажилтнууд сансрын чулуунуудын хэмжээг маш нарийн тодорхойлсон. Тэдний хэлснээр хамгийн том хэлтэрхий нь 6.5 м-ээс их диаметртэй, хамгийн жижиг нь - ойролцоогоор 1 м.
Уг даалгаврыг нэг жил гаруй бэлтгэсэн. Ялангуяа туршилтын мөргөлдөөнд зориулж NASA Европын сансрын агентлагтай хамтран түүхэн дэх анхны өөрийгөө устгагч сансрын хөлөг болох DART нисгэгчгүй төхөөрөмжийг бүтээсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сард Калифорни дахь цэргийн сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд зөвхөн зорьсон газартаа хүрэхийн тулд бараг 10 сар зарцуулсан.
Зам мөрийг нь өөрчилсөн Диморф хэмээх 160 метрийн бага гараг огторгуйд бүрэн хор хөнөөлгүй (энэ нь манай гарагт ямар ч байдлаар аюул учруулахааргүй) байсан ба эрдэмтэд сансар огторгуйгаас бодит аюул заналхийлсэн тохиолдолд гарагийг хамгаалах нь үнэхээр боломжтой эсэх энэ аргыг нухацтай тооцох нь зүйтэй эсэхийг практик дээр шалгахыг хүсжээ.
Даалгаврынхаа дагуу DART хэмжээгээрээ асар их ялгаатай байсан ч гайхалтай биелүүлсэн. Ойролцоогоор 24,000 км / цаг (6.5 км / сек) хурдалж, 600 кг-аас бага жинтэй төхөөрөмж хэдэн мянга дахин хүнд аварга том чулууг мөргөсөн юм.
Сар орчмын дараа цохилтын үр дүнд Дидимус мөн хэдэн мянган км үргэлжилсэн урт "сүүл" олж авснаар бага гараг сүүлт од шиг харагдах болжээ.
Эх сурвалж: BBC