Цаг үеийн мэдээ

АНУ-ын төрийн департаментаас Нижер улсад үзүүлдэг мөнгөн тусламжаа нэг зуун сая америк доллароор танах тухайгаа мэдэгджээ. Ингэснээр Нижер улсын төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбар дахь буцалтгүй тусламжийн хэмжээ буурна гэсэн үг юм. Харин тус улсын ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид ямар нэг өөрчлөлт орохгүй юм байна.

АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтт Миллерийн мэдээлж байгаагаар хэрвээ Нижерийн армийн удирдагчид төрийн эргэлтээсээ ухарч, улс эх орондоо үүссэн эмх замбараагүй байдлыг арилгаж, хэвийн болгосон нөхцөлд Вашингтон тус улсын аюулгүй байдлын салбарт оруулах хөрөнгөө оруулалтаа эргэн сэргээх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Мөн өнгөрсөн Баасан гаргаас хойш Нижер улсаас 100 гаруй иргэнээ татаж авсан, одоогоор үлдсэн АНУ-ын иргэдийг татаж авахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг ч өгсөн байна. Баруун Африкт орших Нижер улсад цэргийн эргэлт гарснаас хойш тус улсад улс төр, нийгмийн бүхий л хүрээнд тогтворгүй байдал үүсээд байна.

Цагаан ордны зүгээс Нижерийн ерөнхийлөгч асан Мухамед Базум болон бусад Африк, Европын орнуудын эрх баригчидтай тус улсад үүссэн улс төрийн хямрал төдийгүй бүс нутгийн хэмжээнд үүссэн асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг эрэлхийлэх асуудлаар утсаар хэлэлцжээ. Үүний зэрэгцээ, Баруун Африкийн орнуудын хамтын ажиллагааны байгууллага болох ECOWAS энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж, Нижерийн асуудлын хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Нижерийн армийн удирдагчид ерөнхийлөгч Базумын эрх мэдлийг эргүүлэн өгөхөөс татгалзсаны хариуд ямар арга хэмжээ авахаа хэлэлцэхээр энэхүү уулзалтыг хийж байгаа юм байна. Хурал энэ долоо хоногийн Пүрэв гарагт хөрш Нигери улсын нийслэл Абужа хотноо болох юм.

Таны сурталчилгаа